Стив Жобсын бөглөж байсан анхны ажлын анкет 222 мянган ам.доллараар зарагджээ

Стив Жобсын бөглөж байсан анхны ажлын анкет 222 мянган ам.доллараар зарагджээ

“Apple” компанийг үндэслэгч Стив Жобсын одоогоос 50 жилийн өмнө бөглөж байсан анхны ажлын анкетын эх хувь “Чартерфилдс” онлайн дуудлага худалдаагаар 222,400 ам.доллараар зарагджээ. Дуудлага худалдааны төвөөс тус баримт бичгийг Стив Жобсын анхны ажлын анкет мөн гэдгийг баталгаажуулсан ч ажилд авах гэж буй компани болон албан тушаалынх нь талаар дурдагдаагүй аж.

Тэрээр Орегон мужид байрлах коллежоо орхисон үедээ тус ажлын өргөдлийг бөглөж байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Мөн 1974 онд Atari Inc. компаниас ажлын гараагаа эхлүүлж байсан ч дээрх гар бичмэлийг тус компанид ажилд орохдоо бөглөж байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гар бичмэлийг дуудлага худалдааны үеэр иргэдэд танилцуулахдаа "Олон жил хадгалагдсан хэдий ч багахан зэргийн л толбо болон нугалаатай" хэмээн онцолж байжээ. Харин Стив Жобс тус ажлын анкетанд өөрийн компьютерийн хэрэглээ болон цахим технологийн талаар эзэмшсэн чадваруудаа онцолжээ.

Мөн 2018 онд түүний өөр нэгэн газар бөглөж байсан ажлын анкет 175,000 доллараар зарагдаж байсан юм.