Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлэв. Тэрбээр “Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хоёр жил болчихсон байхад томилгоог хийгээгүй байна. Иймд томилгоонд нөлөөлөл орж байна гэсэн хардлага байгаа. АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалд тав хоногийн завсарлага авахыг хүсэж байна” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Санал болгосон байгууллагаас ирүүлсэн асуудлыг хугацаанд нь шийдвэрлэх ёстой. Иймд АН-ын бүлэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар маргааш хүртэл завсарлага өглөө” гэв.
Нэр дэвшигч Ж.Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 51 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Ж.Эрдэнэбулган нь 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар, 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх, 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн, 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна.
Үүнээс өмнөх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Дээд шүүхээс хоёр хүний нэр оруулж ирэх ёстой. Гэтэл яагаад Эрдэнэбулган гэж нэг хүнийг оруулж ирэв. Энэ хүнийг дэмжихэд татгалзахгүй. Энэ хоёр хүний бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил дөрвөн сар болсон. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа. Энэ хоёр хүн долоон жил дөрвөн сар сууж Цэцийн гишүүнээр ажиллаж байна. Дээд шүүхээс зориуд нэг хүн гаргаж ирээд хугацаа нь дууссан хоёр хүний нэгийг болиулъя гэсэн байнгын хорооны тогтоолд шууд Ш.Цогтоог чөлөөлнө гэнэ. Үндэслэл нь бүрэн эрхийн хугацаа нь дууссан учраас гэж. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан бол хоёулаа л дууссан. Цэц дээр нэг хурал болсон ч юм шиг болоогүй ч юм шиг байна. Тэр хурал дээр нь Ш.Цогтоо нь оролцсон ч юм шиг. Ш.Цогтоог нь сугалж алга болгох гэж зориуд зохион байгуулж байна уу. Төрийн ажил ингэж явахгүй л дээ. МАН-ын бүлгийнхнийг үүнийгээ хуулийн дагуу зохион байгуулаач ээ гэж хүсч байна. Цэцийн шийдвэр нь юу болсон юм бэ. Ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа энэ улс чинь үлдэх юм байгаа биз дээ. Жоомоо алах гээд байшингаа шатаана гэдэг шиг улсаа нураалаа, Цэцээ нураалаа. Бүх юмаа нураах гэж байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Одоогийн байдлаар цэцийн 9 гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил дөрвөн сар болж байна. Цэцийн гишүүнд нэр дэвшсэн хүмүүсээс нэг хүн буюу Ж.Эрдэнэбулган олонхын санал авсан. Үүнтэй холбоотойгоор хоёр хүний нэг нь хэн бэ гэдэг асуудал үүссэн.
Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах дээд хязгаар 65 нас гэж заасан. Энэ дагуу Ш.Цогтоо гишүүн 67 настай, Д.Солонго гишүүн 63 настай учир Үндсэн хуулийн цэцийн Ш.Цогтоо гишүүнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал яригдсан” хэмээн хариулав.