МАЛЧИН Б: Малтай айл бараг л үлдсэнгүй, манайх гэхэд 600 толгой малаа алдчихсан

МАЛЧИН Б: Малтай айл бараг л үлдсэнгүй, манайх гэхэд 600 толгой малаа алдчихсан

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдэл тохиож, орон нутагт гарз хохирол ихээр учирлаа. Тодруулбал, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд үүссэн гэнэтийн хүчтэй шуурганы улмаас арван хүний амь нас хохирч, олон мянган мал шуурганд уруудан хорогджээ.

Мөн үүссэн нөхцөл байдлын улмаас хэд хэдэн өрх орон гэргүй болж, 200 гаруй малын хашаа саравч нурсан талаар Онцгой байдлын албанаас мэдээлж байгаа юм.

Энэхүү байгалийн аюулт үзэгдлийн улмаас Дундговь аймагт хамгийн их хохирол учирсан бөгөөд тус аймгийн Өндөршил, Дэрэн, Дэлгэрцогт, Говь-Угтаал, Сайнцагаан, Баянжаргалан зэрэг сумдад нийт есөн иргэн халуун амь насаа алджээ. Тэд шуурганаар уруудсан малынхаа араас явсан болон ар гэрийнхнээ хайж явсны улмаас төөрч, эндсэн байна. Мөн тус аймгийн малчид ихэнх малаа шуурганд уруудуулан алдаж, төлийн дуу ид цангинаж эхэлсэн энэ үеэр ихээхэн гарз хохирол амсаад байгаа юм. Бид Дундговь аймгийн Луус сумын малчин иргэн Б-тэй холбогдож үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-ЦАГ АГААРЫН МЭДЭЭ ҮЗСЭН ТУЛ БҮХ АЙЛ МАЛАА ОЙРХОН БЭЛЧЭЭРЛҮҮЛЖ БАЙСАН Ч ГЭНЭТ ХАРАНХУЙЛЖ ЮУ Ч ХАРАГДАХАА БОЛЬСОН-

-Юуны өмнө тухайн өдөр юу болсон талаар бидэнд мэдээлэл өгөөч?

-Тухайн өдөр манайх 11:00 гээд малаа хотноосоо гаргасан юм. Гэтэл 13:00 цагийн үед гэнэт харанхуйлж юу ч харагдахаа больсон. Малаа хашья гэсэн ч амжаагүй юу юугүй л шуурга бүрхсэн. Ойр байсан мал ч харагдахаа байж шуурганд уруудуулж алдчихаад байж байна даа.

-Ойролцоогоор хэдэн толгой мал шуурганд уруудсан бэ?

-Манай лав 600 толгой мал шуурганд уруудаад алга болчихсон. Хэсэг хэсгээрээ тасраад алга болсон юм шиг байна. Өчигдөр өглөөнөөс эхэлж хайхад 50 гаруйг нь үхсэн байдалтай олсон. Зарим нь өөр айлын малтай нийлсэн сураг байна. Үлдсэн нь одоог хүртэл олдоогүй байна. Адуу, үхэрнүүд маань их хол явчихсан бололтой. Бас л сураггүй. Бид ч хол явж чадахгүй, тэнгэр хангайг ажаад л ойр хавиар эрж байна. Айхтар шуурга ахиад болж магадгүй тул сумын онцгой байдал, цагдаагаас малынхаа араас явж, гэрээсээ холдохгүй байхыг анхааруулж байгаа.

-Ойр хавийн айлууд тань бас малаа уруудуулж алдацгаасан уу?

-Тэгсээн, энэ хавийн айлууд 500-1500 хүртэлх толгой малтай. Шуурганы дараа бараг малтай айл үлдсэнгүй. Өвлийг арайхийн давчихаад бүх малаа ингэж алдана гэдэг малчид бидний хувьд их л хүнд байна даа. Гэсэн ч хүний амь эрсдээгүй нь яамай гэж бодоод л малаа хайцгааж байна. Өөр сумдад хүмүүсийн амь эрсэдсэн гэсэн харамсалтай мэдээ дуулдаж байна лээ.

-МАНАЙ ДҮҮ УТСАНДАА GPS СУУЛГАСАН ТУЛДАА Л ГЭРЭЭ ОЛЖ ИРСЭН, ХАЖУУ АЙЛЫН МААНЬ ХҮН МАЛЫНХАА ХАШААНААС ГЭРЛҮҮГЭЭ ЯВАХ ЗАМДАА ТӨӨРЧ, ГУРВАН ЦАГИЙН ДАРАА ОЛДСОН-

-Ер нь малчид цаг агаарын мэдээгээ үзэж байсан уу, Цаг уурын газраас урьдчилан сэрэмжлүүлж байсан шүү дээ?

-Үзэлгүй яахав, бид үргэлж л цаг агаарын мэдээ үздэг. Сэрэмжлүүлэг мэдээг сонсож байсан. Тэр өглөө цаг агаар тогтуун байсан учраас гайгүй байх гэж бодоод уг нь гэрийнхээ ойролцоо л бэлчээж байсан. Гэтэл нүд ирмэхийн зуур л аюултай зүйл болж малаа ч хашиж амжилгүй харанхуй нөмөрсөн. Манай энд мал төллөхийн хажуугаар хавар нь өвс тэжээл тааруу учраас малчид бид 30 минут ч хамаагүй малаа бэлчээрт гаргая л гэж боддог юм. Гэтэл гэнэт л ийм зүйл боллоо.

Манай дүү тэр үед гэрээс гурав гаруй километрийн зайтай явж байсан. Азаар утсан дээрээ GPS суулгаад гэрийнхээ байршлыг таниулчихсан байсан тул гэрээ олж ирсэн. Хажуу айлын маань хүн малынхаа хашаанаас гэрлүүгээ явах замдаа төөрөөд, хоёр цагийн дараа арай гэж гэрээ олж ирсэн байна лээ. Хөдөөний бид тэр бүр утсандаа янз бүрийн юм суулгаж ашиглаж чадахгүй тул төөрсөн иргэдийн ихэнх нь л хоёр, гурван цагийн дараа өөрсдийн баримжаагаа ашиглан гэртээ эргэж ирцгээсэн байна билээ.  Их л айхтар шуурга боллоо доо.

-Шуурга ойролцоогоор хэдэн цагийн дараа намжсан бэ, та бүхэн малаа хэзээнээс хайж эхлэв?

-Өө тэр шөнөдөө лав, намдаагүй. Бид оройгоор малаа хайя гэсэн ч амь насанд эрсдэлтэй тул өглөө болж, шуурга намдахыг хүлээж байгаад л малаа хайж эхлээд байгаа минь энэ.

-Гэр болон хашаа саравчнууд гайгүй үлдсэн үү?

-Манай энд нэг айлын гэрийн бүрээс урагдсан, хашаанууд ерөнхийдөө нурсан. Бусдаар гайгүй үлдлээ.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Өнгөрсөн ням гараг буюу гуравдугаар сарын 14-ны өдөр Дундговь аймгийн нийт нутгаар 24-28м/с хүртэл, зарим үед 34м/с хүчтэй шороон шуурга шуурч 8-10 цагийн турш тэнгэр бүрхэн харанхуйлж байгалийн онц аюултай гамшигт үзэгдэл болсон юм. Одоогоор уг гамшигт үзэгдлээс болж олон малчны хот харлаж, нөхцөл байдал хүнд байгаа аж.

Тэд цаг агаарын аюулт үзэгдээс сэрэмжлэн малаа ойрхон бэлчээрлүүлж байсан ч бүх зүйл хоромхон зуурт болж өнгөрчээ. Амь насаа алдсан малчдын ар гэрт УОК, аймаг сумдын тамгын газраас гүн эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд одоогоор иргэд, байгууллагууд гамшгаас үүдэж хохирсон малчдад тусламжийн гараа сунгаж эхэлжээ. Мөн энд тэнд төөрсөн мал амьтдыг эзэнд нь хүлээлгэж өгөх ажлыг эхлүүлээд байгаа аж.