Мьянмараас нутаг буцах хүсэлт гаргасан зургаан иргэн энэ сарын 15-нд эх орондоо ирнэ

Мьянмараас нутаг буцах хүсэлт гаргасан зургаан иргэн энэ сарын 15-нд эх орондоо ирнэ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр Мьянмарын цэргийнхэн бослого дэгдээж, Ан Сан Су Чи тэргүүтэй Засгийн газрын удирдагчдыг хүчээр “түлхэн унагааж” баривчилсан юм. Үүний дараа нэг жилийн хугацаатай онц байдал зарласан. Гэсэн ч иргэд Засгийн газрын тэргүүнүүдийг суллаж, ардчилсан дэглэмд буцаан шилжүүлэхийг шаардан жагсаж байна.

Цэргийнхэн эхэндээ жагсаалын эсрэг хүч хэрэглэхгүй хэмээн мэдэгдэж байсан ч иргэд рүү гал нээж өнөөдрийн байдлаар 70 хүн амь үрэгдээд байна.

Тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Тайланд улсад суугаа ЭСЯ Мьянмарт оршин суудгаа бүртгүүлсэн 14 иргэнтэй тогтмол холбоотой ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэнээс нутаг буцах хүсэлт гаргасан зургаан хүн байгаагийн гурав нь яаралтай ирэх хүсэлтэй байсан талаар ГХЯ мэдээлж байсан билээ. Тэгвэл нутаг буцах хүсэлтээ гаргасан зургаан иргэн энэ сарын 15-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэхээр болжээ.