Дархлаажуулалтын цэгүүдээс 304 зөрчил илэрчээ

Дархлаажуулалтын цэгүүдээс 304 зөрчил илэрчээ

Улаанбаатар хотод явагдаж буй вакцинжуулалт болон үйл ажиллагаа нь нээгдсэн худалдаа үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.

Тус газрынхан нийслэлийн есөн дүүрэгт дархлаажуулалт хийж байгаа байнгын болон түр 183 (давхардсан тоогоор) цэгт өнгөрсөн сарын 23-наас хойш шалгалт хийхэд 304 зөрчил илэрчээ.

Эдгээрийн 43.8 хувийг нь газар дээр нь шийдвэрлэж, зөрчил, дутагдалтай байсан долоон эмнэлэгт хугацаатай үүрэг өгсөн гэнэ. Харин өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь нээгдсэн хоол, хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний 3000 орчим аж ахуйн нэгжид давхардсан тоогоор 8300 удаагийн хяналт, шалгалт хийжээ.  Дээрх газраас илэрсэн нийтлэг зөрчлөөс дурдвал:

  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт QR код байршуулаагүй, уншуулдаггүй-45
  • Гаднаас орж ирж байгаа үйлчлүүлэгч болон ажиллагсдынхаа халууныг хэмжиж, тэмдэглээгүй зөрчил-118
  • Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг хоёр метрээс доошгүй, ширээнд суудал алгасаж суухаар тооцон тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй-66
  • Тусгай өрөө (VIP), караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлүүлээгүй-27
  • Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжүүлээгүй-16
  • Хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг гурван дамжлагат угаалгаар зааврын  дагуу угааж, халдваргүйжүүлсний дараа хэрэглээгүй-11
  • Мөн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке бааруудын үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ.