Өнөөдөр МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордны байрыг битүүмжилж, хөл хорио тогтоосон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, тус барилгын бүх хаалгыг хааж тууз татаж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоосныг харахад коронавирусийн халдвар илэрсэн бололтой хэмээн таламаглаж байсан юм. Бид энэ талаар НОК-оос тодруулахад, “Сэжигтэй тохиолдол, эсвэл халдвар илэрсэн бол байршлуудыг хамгаалалтад авч, битүүмжилж байгаа. Гэхдээ яг Тусгаар тогтнолын ордныг хааж битүүмжилсэн мэдээлэл бидэнд ирээгүй байна” хэмээж байсан.
Тэгвэл өглөөний ЭМЯ-ны мэдээллээс хойш нийт 66 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Одоогоор тус батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байгаа бөгөөд БШУЯ болон Төрийн ордонд халдвар илэрч баруун, зүүн жигүүрийг тусгаарлалтанд аваад байж болзошгүй байна. Өнөөдөр мөн аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд болсон бөгөөд орой нь үргэлжлүүлэн МАН-ын төв байранд хүлээн авалт болох байсан ч цуцлагдаад байгаа аж.