ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Энэтхэгээс өмнөх удаагийнхаас илүү их вакцин авах хүсэлт гаргажээ

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Энэтхэгээс өмнөх удаагийнхаас илүү их вакцин авах хүсэлт гаргажээ

Энэтхэгийн Wion/World is One News/ телевизийн мэдээллийн сайтад манай улс дахин вакцин авахаар хүсэлт гаргасан тухайн нийтлэл гарчээ. Уг нийтлэлд өгүүлснээр, 

Өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ны өдөр Монгол Улс Энэтхэгт үйлдвэрлэсэн “АстраЗенека” компанийн “Covishield” вакцины 150 мянган тунг хүлээн авсан. Тус вакциныг Энэтхэгийн Засгийн газраас тэдэнд буцалтгүй тусламж болгон өгсөн юм. Тэгвэл Монгол Улс Шинэ Делигээс дахин вакцин авах хүсэлтээ гаргажээ. Гэхдээ энэ удаад арилжааны зорилгоор. 

Тодруулбал, Монголын Шадар сайд Энэтхэгийн гадаад харилцааны сайд, доктор С.Жайшанкарт захидал бичиж, 1-1,5 сая тун “Ковишиельд” вакцин авахыг хүссэн байна. 

Энэтхэгээс вакцин хандивласнаар тус улсын вакцинжуулалт эхлэх нөхцөл бүрэлдсэн гэж хэлж болно. Вакцин ирсний маргааш нь буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Монгол Улс бүх нийтийн дархлаажуулалтаа эхлүүлсэн. Гэхдээ бусад орны жишгээр юун түрүүнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмнэлгийн ажилчид, онцгой байдал, цагдаагийн албан хаагчдаас эхлэн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Цаашдаа шат дараатайгаар ахмад настан, энгийн иргэдийг дархлаажуулахаар бэлдэж байна. 

“Ковишиелд”-ийг “АстраЗенека” болон Оксфордын хамтран бүтээж, Энэтхэгийн Пуна хотод байрладаг Ийлдэс судлалын хүрээлэнд үйлдвэрлэсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) зөвшөөрсөн вакцин юм. Вакцины клиникийн шатны туршилтыг нэгдүгээр сарын 3-ны өдөр албан ёсоор танилцуулсан. Тодруулбал, эхний тунг хийхэд вирусийн эсрэг дархлаа 76 хувьтай тогтож байсан бол хоёр дахь тунгийн дараа үр дүн эрс нэмэгдэж, 81 хувийн дархлаа үүсэж байгааг мэдэгдсэн. 

Энэтхэг, Монгол хоёр улс хоорондоо нягт уялдаа холбоотой. Төрийн тэргүүнүүд нь хэд хэдэн удаа нэг нэгэндээ айлчлал хийж байсан бөгөөд тус улс Энэтхэгийг оюун санааны болон гуравдагч хөрш гэж нэрлэдэг. 

Covishield” вакцинаар хүн амаа дархлаажуулж буй улс орнууд. АстраЗенека компани болон Оксфордын их сургууль анхнаасаа вакциныг ашгийн төлөө бус дэлхий нийтийн эрүүл мэнд сайн сайхны төлөө хэмээн зарлаж байв. Тиймээс ч дэлхийн улс орнуудад хэрэглээнд нэвтэрсэн вакцинуудаас “Covishield” үнийн хавьд харьцангуй бага гэж хэлж болно. Цар тахлын үед үнэ нэмэхгүй гэж амласан “AstraZeneca” компани олон улсын эрүүл мэндийн байгууллага болон Засгийн газруудтай тохиролцож, нэг тунг нь 3-5 ам.доллараар үнэлсэн.

Зөвхөн Монгол төдийгүй Өмнөд Ази дахь Афганистан, Мальдив, Непал, Бангладеш болон Африк, Карикомын бүс нутгийн орнууд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн коронавирусийн вакцин ашиглан COVID-19 вакцинжуулалтаа эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар Энэтхэг улс дэлхийн 56 орон болон НҮБ-ын ажилчдад нийт 56 сая тун вакциныг илгээгээд байна. Мөн Европын Холбоо, Их Британи, Австрали, Энэтхэг, Аргентин, Мексик зэрэг улс орон албан ёсоор бүртгэн авчээ. 

Мөн Их Британи, Итали, Бельги, Франц, Энэтхэг болон Өмнөд Солонгост “AstraZeneca”-гийн вакцины үйлдвэрлэл явагдаж байгаа бөгөөд 2021 онд 400 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаагийн 80 сая тунг энэ оны эхний улиралд нийлүүлэх тооцоо хийгджээ.

Эх сурвалж: Wionnews




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө