Засгийн газрын нэр хүндийг ковидоос хамгаалах “Мэдээллийн хороо”-г Ч.Номин, Б.Болор-Эрдэнэ нар хариуцна

Засгийн газрын нэр хүндийг ковидоос хамгаалах “Мэдээллийн хороо”-г Ч.Номин, Б.Болор-Эрдэнэ нар хариуцна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “коронавирусийн талаарх мэдээллийг нэг сувгаар өгдөг болно” гэж мэдэгдсэний дараахан ЭМЯ-наас “коронавирусийн вакцинжуулалтыг долдугаар сараас эхлүүлэхээр ажиллаж байна” гэж мэдэгдсэн. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “вакцинжуулалтыг наадмын өмнө бүрэн дуусгана” гэж зөрүүтэй мэдээлэл хийсэн юм. 

Иймд ЭМЯ болон Ерөнхий сайд нарын дээрх зөрүүтэй мэдээллээс үүдэн, “коронавирус болон вакцины талаарх мэдээллийг нэг сувгаар хүргэж, Засгийн газрын нэр хүндийг хамгаалах” ажил дотооддоо эрчимжсэн байна. 

Тодруулбал, “Эрсдэлийн мэдээллийн хороо” /Мэдээллийн хороо/-г байгуулж даргаар нь Соёлын сайд Ч.Номин, Нарийн бичгийн даргаар нь Б.Болор-Эрдэнэ (Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга) нар ажиллахаар болжээ. Тэд өнгөрөгч Пүрэв гарагт буюу битүүний өдөр яамдын удирдлагууд болон МХЕГ-ын дарга нарыг оролцуулж цахимаар хуралдсан байна. Улмаар тус “Эрсдэлийн мэдээллийн хороо” нь иргэдэд хүрэх мэдээллийг цензурдахь, нөлөөллийн контент түгээх, Засгийн газрын нэр хүндийг хамгаалах, мэдээллийн нууцын сан бий болгох зэрэг чиглэлд ажиллах талаараа ярилцсан байна. 

-МЭДЭЭЛЭЛД ЦЕНЗУР ТОГТООГООД ЭХЭЛБЭЛ ИРГЭД ҮНЭН, БОДИТ МЭДЭЭЛЭЛ АВЧ ЧАДАХ УУ-

Тэд хуралдааны эхэнд Засгийн газрын ОНХМХ-ын дарга Ц.Ганзоригтоо тусалъя, түүний ажил их байгаа талаар дурдсан байна. Ингээд энэ сарын 14, 15 –ны өдрөөс эхлэн E-Mongolia.mn цахим хуудсаар дамжуулж, олон нийтэд хүрэх “коронавирусийн халдвар, вакцин, УОК-ын шийдвэрийг нэг сувгаар хүргэе” гэж шийдэлд хүрсэн байна. 

Ингэхдээ тухайн мэдээллийг иргэдэд хүргэж болоххүргэж болохгүй гэж хоёр ангилж, цензур тогтоож, “Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх, Засгийн газрын нэр хүндийг өсгөх” мэдээллийг олон нийтэд нийтэлж, нэг сувгаар буюу E-Mongolia.mn дээр зангидаж байхаар тохирчээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үед коронавирустай холбоотой нөлөөллийн контент хэрхэн хийх, ямар үед тухайн контентоо олон нийтэд зориулж цацаж байх талаараа ярилцсан байна. 

Харин Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ E-Mongolia.mn –ийн систем, программ хангамжийг нь хариуцан ажиллах ажээ. 

Энэ бүхнээс үзвэл, цар тахлын талаарх мэдээлэлд, Соёлын сайд Ч.Номин нарын зүгээс тодорхой цензур тогтоож, бодит байдлаас гуйвсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэр хүндийг хамгаалах зорилготой мэдээллийг иргэдэд хүргээд эхэлж болзошгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17 –д “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй .., ” гэж заасан. Товчхондоо, цар тахлын талаарх мэдээллийг иргэдээс нууцлах нь томоохон эрсдлийг ч дагуулж болзошгүй юм. 

-УОК-ЫН ДОТООД МЭДЭЭЛЭЛ НУУЦЛАЛ МУУ VIBER ЗЭРЭГТ ҮҮСГЭСЭН ГРУПП ЧАТААР ЯВЖ БАЙГАА ЮУ-

Нөгөөтэй УОК-ын дотоод мэдээлэл viber зэрэг групп шатаар явагдаж байгааг цэгцэлж, нэг группт төвлөрүүлэх, тэндээ нээлттэй ярилцаж байх бололтой. Тэгвэл саяхан УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Иргэдэд бодит мэдээлэл хүргэх зорилгоор “Хэвлэл мэдээллийн түр хороо” байгуулан ажиллана. Зөвхөн УОК-оос нэр бүхий тодорхой албан тушаалтан өдөр тутам мэдээлэл өгнө. УОК-оос мэдээлэл өгөөгүй байхад ямар ч шатанд албан хаагчид батлагдаагүй, таамаг мэдээллийг тараадаг асуудал байхгүй болно” гэж мэдэгдсэн. Тэгвэл тус хороонд Засгийн газрын хэвлэлийн ажилчид болон Монголын телевизийн холбооны Т.Ганзул нарын таван хүмүүс багтаж байгаа талаар “Эрсдэлийн мэдээллийн хороо”-ны үеэр яригдаж, нөлөөллийн контентыг хэрхэн бэлдэх талаараа цаашид үргэлжлүүлэн ярилцъя гэж тохирчээ.