АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ Р.Амаржаргал уламжилжээ

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ Р.Амаржаргал уламжилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 09-ны өдөр болно. Тодруулбал, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ирэх гуравдугаар сарын 1-ны өдөр болох тус намын Их хурлаар тодорхой болно. Иймд тус намаас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өрсөлдөнө гэх мэдээлэл бий. 

Харин АН тус сонгуульд өрсөлдөх хүнээ намын гишүүд дотроо сунгаа явуулж, тодруулна гэж Дотоод сонгуулийн хорооноос нь мэдэгдсэн. Улмаар энэ сараас эхлэн өрсөлдөх хүсэлтэй хүмүүсээ бүртгэнэ гэх мэдээлэл байгаа юм. Харин УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд “намынхаа дотоод сонгуульд өрсөлдөнө” гэдгээ шинэ оны босгон дээр мэдэгдсэн.

Тэгвэл Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтээ” уламжилсан гэх албан бус мэдээлэл байна.

Тэрээр 2017 онд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд намынхаа дотоод сонгуульд өрсөлдсөн ч, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ялалт байгуулж, АН-аас нэр дэвшиж байсан юм. Тэрээр Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд, ардчилсан засгийн газрын 5 дахь тэргүүнээр 1999 оны 7 сард 38 настайдаа томилогдож байсан, эдийн засагч мэргэжилтэй нэгэн юм. Нөгөөтэй Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилуулж, тус намын дүрэмд өөрчлөлт оруулж, нэр дэвшигчдийг тодруулдаг тус “намын дотоод сонгууль”-ийг дүрмийн өөрчлөлтөөр байхгүй болгох гэсэн ч, тус дүрмийн өөрчлөлтийг УДШ хүлээж аваагүй гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ бүхнээс үзвэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нарын аль нэг нь нэр дэвшихээр тус намын дотоод сонгуульд өрсөлдөж магадгүй байна. 

Харин АН-ын дарга С.Эрдэнэ саяхан мэдээлэл хийж, “АН-ын дарга болон АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг нийт гишүүдийн дунд сонгууль/сунгаа явуулан тодруулж, тавдугаар сарын 2-ны өдөр болох АН-ын 10 дугаар Их хурлаар батламжилна” гэж мэдэгдсэн билээ.