СУДАЛГАА: БНХАУ, Лаос, Мьянмарын бүс нутагт 100 гаруй төрлийн коронавирус тээгч сарьсан багваахай амьдардаг

СУДАЛГАА: БНХАУ, Лаос, Мьянмарын бүс нутагт 100 гаруй төрлийн коронавирус тээгч сарьсан багваахай амьдардаг

“Science of the Total Environment” сэтгүүлд өнгөрсөн баасан гарагт/2021.02.05/ уур амьсгал ба сарьсан багваахайн амьдрал, түүнээс улбаалан үүсэж буй SARS-Cov-1, SARS-Cov-2 зэрэг халдвар өвчний харилцан хамаарал, шалтгааны талаарх судалгаа хэвлэгджээ. Уг судалгааг Их Британи, Герман, АНУ-ын томоохон сургуулиудын эрдэмтэд хамтран хийсэн байна. 

Судалгаанд дурдсанаар Хятадын өмнөд хэсэг Юньнань муж болон зэргэлдээх Мьянмар, Лаос улсын бүс нутаг сарьсан багваахайн амьдардаг гол цэг болсон гэжээ. Эдгээр бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 40 гаруй төрлийн сарьсан багваахай нүүдэллэж ирсэн бөгөөд 100 гаруй төрлийн коронавирус тээж байгааг тогтоосон байна. 

Кембрижийн Их сургуулийн амьтан судлалын тэнхимийн доктор Роберт Бейер нь энэхүү судалгааны удирдагч бөгөөд тэрээр "цаг уурын өөрчлөлт нь хэд хэдэн бүс нутагт сарьсан багваахай амьдрах таатай орчныг бүрдүүлж, тоо толгойг нь нэмэгдэхэд нөлөөлсөн" гэжээ. Түүний хэлж буйгаар сүүлийн хэдэн жил дээр дурдсан Юннань муж, Мьянмар, Лаосаас гадна Африкийн төв хэсэг, Төв болон Өмнөд Америкийн хэд хэдэн бүс нутагт сарьсан багваахай мэдэгдэхүйц өссөн аж. Түүнчлэн SARS-CoV-1, SARS-CoV-2-ийг үүсгэгч сарьсан багваахайн өвөг нь Covid-19-ийг үүсгэдэг вирус тээгч гэж судалгаанд өгүүлжээ.

Судалгааны үр дүнд дараах дүгнэлтүүд гарсан байна. Тодруулбал,

  • 2018 онд БНХАУ-ын вируслогичидын хийсэн судалгааны дүгнэлтийн адилаар сарьсан багваахай бол дээрх халдварт өвчнүүдийг үүсгэгч вирусийг тээгч мөн.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сарьсан багваахай олон арван жилийн туршид амьдарч ирсэн газар нутгаасаа нүүдэллэн өөр шинэ газарт суурьших явцад халдварын эрсдэл үүссэн.
  • Сарьсан багваахайн сүрэг хаана нутаглаж, үүрлэж байгаагаас хамаарч тухайн бүс нутагт халдвар тархах эрсдэл  өндөр байдаг.
  • Иймд сүүлийн жилүүдэд дэгдэж байгаа SARS болон коронавирусийн халдвар хүн амын дунд тархах болсон үндсэн шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлттэй хамааралтай байж болзошгүй гэж үзжээ.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Science of the Total Environment