Г.Тэмүүлэн, О.Содбилэг нарт Н.Номтойбаяр “Магадланд орохгүй. Шазайтал сууж байгаад гарна” гэж хэлсэн үү

Г.Тэмүүлэн, О.Содбилэг нарт Н.Номтойбаяр “Магадланд орохгүй. Шазайтал сууж байгаад гарна” гэж хэлсэн үү

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг, Н.Цэрэнбат нар шоронд ял эдэлж буй УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаярыг эргэж очсон талаар тэдний ойрын эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. 

-Н.НОМТОЙБАЯР МАГАДЛАНГААР СУЛЛАГДАХГҮЙ ГЭЖЭЭ-

Н.Номтойбаярын хувьд тавдугаар сарын 28-нд суллагдах юм. Гэхдээ үүнээс өмнө магадлангаар суллагдах боломжтой ч тэрбээр "Би магадланд орохгүй. Шазайтал сууж байгаад хугацаагаа дуусгаад гарна" гэдэг үгийг тус уулзалтын үеэр хэлжээ. 

Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын долоон хүнд холбогдох хэргийг нэгдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн хорих ялыг 1 жил болгосон юм. Тэрбээр 2020 оны тавдугаар  сарын 28-ны өдрөөс эхлэн хоригдсон.

Түүний хоригдсон найман сарыг нэг жилийн хорих ялд тооцох юм бол тэрээр ирэх тавдугаар сард ийнхүү суллагдах ажээ. Гэхдээ түүнээс ч өмнө Н.Номтойбаяр  магадланд орж, хорих ялаас өмнө хугацаанаасаа суллагдах бүрэн боломжтой. Гэхдээ Н.Номтойбаяр уг боломжийг ашиглахгүй гэж буй бололтой. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сард Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн буруутган яллалсан байдаг.

Дээд шүүхээс  Б.Нямдаваа, Б.Шижиржаргал,  Н.Баттөгс нар нь  төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлж,  найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт Н.Номтойбаяр гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэж үзсэн юм. 

Харин  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд зорилтот төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь  гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзээд Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ял оноосон.