Д.Сумъяабазар: N95 маскны тендерийн цаана ашиг сонирхол байна. ЭМЯ-руу нь буцааж, хуулийн байгууллагаар шалгуул

2021-02-07 14:31

НЭМГ: ЭМЯ-аас эрх шилжиж ирсний дагуу бид тендерээ зарласан. Хууль зөрчсөн зүйл байхгүй

Олон нийтийн сүлжээгээр 20 мянган төгрөгийн амны хаалт худалдан авах тендер зарласан талаарх мэдээлэл нэлээдгүй тархсан байна. Энэ талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудаас тайлбар авлаа. 

Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа “Эрүүл мэндийн яамнаас Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 20 мянган төгрөгийн N95 амны хаалт авах эрх шилжүүлж өгсөн. Энэхүү эрх шилжиж ирэхэхд анх заагдсан үнийн дагуу бид тендерээ зарласан. Ингэхдээ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын тусгай шаардлагыг харгалзаж үзсэн. 

Зургаан дүүрэг дээр Молекул биологийн лаборатори байгуулагдаж байгаа. Энэ лабораторид ажиллах хүмүүс уг N95 маскийг хэрэглэх юм. N95 маск дотроо маш олон төрөл байдаг. Сорьц авч буй, лабораторид ажиллаж буй хүн өмсөх N95 амны хаалт маш өндөр шүүлттэй байдаг. 

ЭМЯ-аас эрх шилжиж ирсний дараа бид өнгөрсөн пүрэв гарагт Сангийн яамтай ярилцаж зөвшөөрөл авсны дагуу тендер зарласан. Ийм богино хугацаанд тендер зарласны учир нь 400 мянган иргэнээс шинжилгээ авахтай холбоотойгоор бэлэн байдлаа хангахын тулд юм. Үүнийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Бидэнд хууль зөрчсөн зүйл байхгүй” гэв. 

 

2021-02-07 13:58

Д.Сумъяабазар: N95 маскны тендерийн цаана ашиг сонирхол байна. ЭМЯ-руу нь буцааж, хуулийн байгууллагаар шалгуул

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зарласан "N95" амны хаалтын тендерийн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудаас тайлбар авч байна.

Энэ үеэр тэрбээр "Эрүүл мэндийн яам өөрөө зохион байгуулах хэрэгтэй.  Яах гэж наашаа оруулж ирсэн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар тоног төхөөрөмж оруулж ирэхтэй холбоотой юу мэдэх юм. Бид нарт шийдэх олон асуудал байна. ЭМЯ яагаад Нийслэл рүү ажлаа явуулаад байгаа юм. 20 мянган төгрөгийн амны хаалт гэж гадуур шуугьж байна. Та нар өөрсдөө хулгайч болж байна. ЭМЯ-руу буцаа. Тэгээд хууль хяналтын байгууллагыг оруул. Би үүний цаана ашиг сонирхол гэж харж байна. Арвилан хэмнэлт хаана байна" гэв.