Б.Мангалжав: Нэг газраас ийм олон үеийг хамарсан түүхийн дурсгал олдоно гэдэг маш ховор үзэгдэл

Б.Мангалжав: Нэг газраас ийм олон үеийг хамарсан түүхийн дурсгал олдоно гэдэг маш ховор үзэгдэл

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрээс чулуун зэвсгийн дээд үе, шинэ чулуун зэвсэг, төмрийн түрүү үе, хүрэл, хүннү, дундад зууны үед хамаарах 700 гаруй түүх соёлын үнэт олдворыг илрүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тус олдворуудыг анх нутгийн уугуул иргэн олж, “түүх соёлын өв байж магадгүй” хэмээн сэтгэж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын /МХГ/соёлын хяналтын улсын байцаагчид мэдэгдсэн байна.

Ингэснээр шуурхай арга хэмжээ авч мэргэжлийн архелогич, аймгийн Бүртгэл мэдээллийн санч, улсын байцаагчийн хамтаар газар дээр нь ажиллаж түүхийн маш ховор,  олдворуудыг нээн, одоо судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа аж. Тэгвэл бид тус судалгааны ажлыг гардан эхлүүлсэн МХЕГ-ын Соёлын хяналтын улсын байцаагч Б.Мангалжавтай түүхийн гэрч болсон  олдворуудын талаар ярилцлаа.

-НЭГ ДОР ИЙМ ИХ ХЭМЖЭЭНИЙ ОЛДВОР ИЛЭРЧ БАЙСАН ЗҮЙЛ
ОДООГООР ТЭМДЭГЛЭГДЭЭГҮЙ БАЙНА-

-Сайн байна уу. Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Дорнод аймгаас хүрэл зэвсгийн үеийн 700 гаруй олдворыг энгийн иргэн олж илрүүлсэн талаар мэдээлэл цацагдсан. Энгийн иргэн тус олдворуудыг түүхэн өв, дурсгал гэдгийг яаж олж мэдсэн юм бол.

-Анх 2020 оны тавдугаар сард нутгийн иргэн олж, “түүх соёлын үнэт өв байж болохуйц олдворууд байна” гэж таамаглан Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид мэдэгдсэн. Үүний дараа археологичид, Аймгийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санч болон миний бие тус газарт очиж ажилласан. Биднийг очиход салхи шуурганы нөлөөгөөр зарим чулуун зэвсгийн олдворууд ил гарсан байсан. Эхний ээлжид бид 300 гаруй үзмэр болохуйц олдворуудыг түүж цуглуулан, Аймгийн Засаг дарга болон Засаг даргын зөвлөлд танилцуулж, “цаашлаад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч судалгаа шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай” байгаа талаар хэлсэн. Засаг даргын зүгээс ч судалгааны хөрөнгө мөнгийг нь шийдэж өгснөөр Соёлын өвийн Үндэсний төв, ШУАкадемын Археологийн хүрээлэнтэй хамтарсан хайгуулын ажлыг наймдугаар сард эхлүүлсэн. Анх илрүүлсэн хүн мэдээж шууд хараад чулуун зэвсгийн үеийнх гэдгийг мэдэж чадахгүй шүү дээ. Харин эртний бололтой чулуун шанага, савны хэлтэрхийг хараад бидэнд мэдэгдсэн юм. Харин бид судалгаа хийсний үндсэн дээр цаг хугацааг нь тогтоосон.

-Наймдугаар сард хийсэн хайгуулаар дахин хэчнээн олдвор илэрсэн бэ?

-Хоёр  удаагийн хайгуул судалгааны ажлаар нийт 700 гаруй үзмэр болохуйц олдворуудыг илрүүлж, одоо шинжлэх ухааны эргэлтэд оруулан, судлаад явж байна. Цаашдаа ч олон жилийн судалгаа шинжилгээний ажил хийгдэнэ.

-Одоогийн байдлаар яг ямар ямар эд өлгийн зүйлс олдоод байна вэ?

-Хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шинэ чулуун зэвсэг, хүрэл ,төмрийн үе, хүннү, дундад зууны үед хамаарах эдлэл, ясан сувс, хүрэл хутга,морь, зэвнүүд,  хүрэл зоос, шавар хээтэй, хээгүй ваарын савны хагархай, хүрэл товруу, хүрэл зэв, төмөр хутга, зэв, хадаас, төмөр савны үлдэгдэл, төмрийн шаар зэрэг зүйлсийг илрүүлсэн.

-Өмнө нь Монголын газар нутгаас ийм их хэмжээний олдвор илэрч байсан удаатай юу?

-Яг одоогоор мэдэгдсэн зүйл бол байхгүй. Чулуун зэвсгийн суурин, хүрэл зэвсгийн үеийн суурин, төмрийн үеийн суурин гэж тус тусдаа олдворууд илэрч байснаас биш нэг дор ийм олон үеийг хамарч хүн амьдарч байсан байж болох ул мөр, их хэмжээний олдвор илэрч байсан зүйл одоогоор тэмдэглэгдээгүй байна.

-ОЛДВОРУУДЫГ АНХ ИЛРҮҮЛСЭН ХҮН ХАР БУРУУ САНАЛГҮЙ БИДЭНД ШУУД МЭДЭГДСЭН НЬ МАШ ЧУХАЛ ҮЙЛ ЯВДЛЫН ЭХЛЭЛ БОЛЛОО-

-Олдворуудыг одоо хаана хадгалж байгаа вэ?

-Аймгийн бүртгэл мэдээллийн санд бүртгээд, Музейн сан хөмрөгт хадгалж байгаа.  Музейн үзмэр болох болоогүй, одоогоор зөвхөн хадгалж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Тус олдворуудыг илрүүлсний дараа нутгийн иргэд хамгаалж байсан гэж сонссон?

-Тийм ээ. Тус бүс нутгийн эргэн тойронд суурьшсан малчин өрхүүд хамгаалж байгаа. Хамгийн гол нь анх олж илрүүлсэн хүн бидэнд мэдэгдсэн нь маш чухал зүйл үйл явдал болсон. Тухайн хүн түүхийн үнэт өвд хүн хар буруу санаж, хувийн сэдлээр хандаагүй, харин ач холбогдлыг нь ухамсарлаж, харж хамгаалах хэрэгтэй гэсэн сэдлээр бидэнд хандсан. Түүх соёлын дурсгалын зүйлийг нээж илрүүлсэн, мэдээлсэн, авран хамгаалсан иргэнийг шагнаж урамшуулдаг хууль байдаг. Тэр хуулийн дагуу бид тус иргэнийг болон хамгаалах ажилд оролцож буй 7 иргэнийг засаг даргын захирамжаар шагнаж урамшуулсан. Бид эхний судалгааг хийсний дараа ойр хавийн иргэдэд түүхийн олдворуудыг хамгаалахын ач холбогдлыг тайлбарлаж, ухуулсан. Иргэд ч үүргээ ухамсарлан ойлгож, идэвхтэй оролцсон.

-Цаашдын судалгаа шинжилгээний талаар яриагаа үргэлжлүүлье. Он тооллыг нарийн тогтоохын тулд дээжийг Япон улс руу явуулахаар төлөвлөж байгаа гэж дуулсан?

-Он цагийг тогтоох, эрдэм шинжилгээний төгс ажлыг хийхийн тулд манай Археологийн хүрээлэн болон Соёлын Өвийн Үндэсний төв зайлшгүй гадаадын оронд судлуулах, нарийн судалгаа шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа. Шинжлэх ухаан гэдэг заавал судалгааны үндсэн дээр нотлогдож үр дүн нь гардаг. Тэр үр дүнг л бид хүлээж байна.

-Та сая наймдугаар сард хайгуулын ажил хийгдсэн гэж хэлсэн шүү дээ. Яагаад одоо л зарлаж байгаа юм бэ?

-Хамгийн гол нь бүрэн судлагдаагүй, судалгааны ажил нь үргэлжилж байгаа учраас шинжлэх ухааны байгууллагууд мөн бидний зүгээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгч болохгүй байсан юм. Судалгаа нь бүрэн хийгдэж дуусаагүй байхад сэтгэлийн хөөрлөөр хандаж яавч болохгүй. Нөгөө талаар бүрэн судлагдаагүй байхад зарлах нь соёлын хулгайчдын анхаарлыг татах сөрөг үр дагавартай. Жишээ нь “алтны орд олдлоо” гэж мэдээлсний дараа хууль бус олборлогчид шууд л очоод ухчихдаг шүү дээ. Ийм л эрсдэлтэй. Олдсон газрыг нууцалж, тэр даруй нийтэд зарлаагүй нь  бидний түүхийн үнэт өвийг хамгаалах бас нэг арга юм. 

-ЭДГЭЭР ОЛДВОР НЬ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫГ СУУРИН АМЬДАРЧ, ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛЖ БАЙСАН ГЭХ ТААМАГЛАЛ ДЭВШҮҮЛЖ БОЛОХУЙЦ НОТОЛГОО ЮМ-

-Та бүхэн судалгааны үр дүнг хэрхэн  таамаглаж байна?

-Хүний нийгмийн бүхий л ул мөр олдсон шүү дээ. Нэг дороос ийм олон үеийг хамарсан дурсгал олдоно гэдэг маш ховор үзэгдэл. Тухайлбал, чулуун зэвсгийн үед зэвсэг хийж байсан бэлдэц, чулуу буталдаг арга, технологийг харуулсан зүйлс бүгд олдсон. Цаашлаад чулуун зэвсгээс хүрэл зэвсэгт шилжих үед хүрлээ хайлуулж байсан шаар, маш их хэмжээний хүннү ваарын хагархай байсан.  Ваарын хагархай олдоно гэдэг энд амьдарч байсан хүмүүс ваар хийж байсны нотолгоо болж байгаа юм. Мөн төмрийн үед төмөр хайлуулж байсан шаар олдсон. Мөн эртний амьтаны яс ихээр олдож байгаа зэргээс харахад тэнд байнга оршин сууж үйлдвэрлэл явуулдаг хүмүүс байсан гэсэн таамаглал дэвшүүлж болохуйц байгаа юм. Үүнийг л бид чухалчилж харж байна.

-Таны хэлснээр судалгааны ажлын дараа бүх зүйл тодорхой болж нотлогдох юм байна. Тэгвэл судалгааны ач холбогдлыг та юу гэж харж байна.

-Мэдээж ач холбогдол нь маш өндөр. Нэгдүгээрт, сая хэлсэнчлэн нэг дор ийм олон үеийг хамарсан олдвор илрэх нь ховор. Хоёрдугаарт, биднийг дэлхий дахин нүүдэлчин Монголчууд гэдэг. Гэтэл эндээс хүний нийгмийн бүх үеийн турш үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, суурин амьдарч байсан гэж таамаглаж болохуйц нотолгоо гарч ирж байна. Хэрэв төмөр зэвсгийн үеийн ганцхан олдвор олдсон бол санамсаргүй байдлаар хаягдсан ч байж болно шүү дээ. Гэтэл бүхэл бүтэн үеийг дамнасан олдворууд илэрсэнд бид үнэхээр олзуурхаж байгаа. Цаашлаад эдгээр олдвор дээр тулгуурлаж маш олон ажил хийгдэнэ. Эрдэм шинжилгээний байгууллагууд ч судалгаа шинжилгээ хийх, малтлага явуулах зэрэг шинжлэх ухааны нотолгоогоор баталгаажуулах болно. Нэмж хэлхэд аймаг орон нутгийн удирдлага маш их дэмжиж ойлголцож ажилласны улмаас өнөөдрийн үр дүнд хүрсэн гэдгийг онцлох хэрэгтэй байх. Хэрэв шуурхай арга хэмжээ аваагүй бол өнөөдрийн үр дүн гарахгүй байсан. Манай СӨҮТөвийн мэргэжилтнүүд, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд маш сайн ажилласан. Одоо аймаг сумын тусгай хамгаалалтанд авах ажил ч хийгдэж бна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.