Н.Алтанхуяаг: Соёлын яам гэж ийм яам байгуулах байсан юм бол шал дэмий дэмжиж

Н.Алтанхуяаг: Соёлын яам гэж ийм яам байгуулах байсан юм бол шал дэмий дэмжиж

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ хууль өнөөдөр хугацаа нь дуусч байгаа болохоор сунгах гээд яараад байгаа юм. Засгийн газар хамаг мөнгө төгрөг мэддэг хууль баталсан. Энэ хуулийг сунгах нэрээр аймаг, сум, дүүрэг дээр мөнгөний зарцуулалтыг нэмж өгч байгаа нь үндсээрээ буруу. Та нар Монгол Улсын мөнгийг яах гэж байгаа юм. Доошоогоо шидэх юм, дур дураараа зарцуул гэх юм. Их хурал ямар ч төсвийн тодотгол хийх тухай ярихгүй юм. Засгийн газар тэр хавиараа хамаг мөнгөө шийдээд яваад байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь дураараа дургина. Уг нь бол цар тахлын үед Засгийн газар, аймаг, сум, дүүрэг, нийслэлд тодорхой мөнгөний эх үүсвэр гаргаж өгөх ёстой. Энэ бол төсвийн тодотгол хийнэ гэсэн үг, хууль ном барьж ажиллах юм уу, үгүй юм уу Монгол Улс.

Би гайхаж байна. Өчигдөр орой лав Монгол даяар найр наадам болох шиг боллоо. Нөгөө цар тахал нь хаачсан юм, юу болсон юм. Хажуугаар нь баахан социалист, реализмын үеийн аймар том суртал нэвтрүүлэг явж хандив цуглуулна гэх юм. Энэ ард түмэн чинь хандив өгөх нь бүү хэл өнөө маргаашаа яая гэж байгаа ш дээ. Хаанаас хэн ийм хачин юм бодож олдог юм. Бид ер нь хаашаа явж байгаа юм. Түүнийгээ ярих цаг болсон байна. Юмыг магтан дуулдаг, болохгүй байгаа зүйлийг нухчин дардаг, дуу хоолойг нь боодог нийгэм рүү явж эхэллээ. Би өчигдөр үнэхээр гайхлаа. Юу болж байгаа юм. Хаана байгаа юм нөгөө цар тахал. Мөнгө төгрөггүй хүмүүсийн өмнө юугаа харуулаад байгаа юм. Соёлын яам гэж ийм яам байгуулах байсан юм бол шал дэмий дэмжиж.  Бид үүнийг шал өөр агуулгаар ойлгосон, маш харамсалтай байна. Хууль батлахаараа мөнгөний эрх мэдлийг хамаагүй хаядаг. Мөнгөгүй гэж хэлэнгүүтээ хүмүүсээс хандив цуглуулна гэдэг. Аймар том баяр ёслол болж байна лээ. Өчигдөр миний нүдний нулимс гарлаа. Миний монгол ийм юм руу явах ч гэж дээ. Хүмүүсийнх нь амьдрал юу болоод байгааг ерөөсөө мэддэггүй юм байна. Хөл хорио тогтоосноор юу болчихоод байгааг мэддэггүй юм уу, Содбаатар аа. Юу хийж байгаа юм бэ Засгийн газар. Муу муухай юм хуучин онтойгоо үлдээрэй" гэсэн юм.