Б.Энхбаяр: ЗГ-ыг тусгай сан байгуулахтай зэрэгцэн ТББ байгуулсан Соёлын сайд, дэд сайдад хариуцлага тооц

Б.Энхбаяр: ЗГ-ыг тусгай сан байгуулахтай зэрэгцэн ТББ байгуулсан Соёлын сайд, дэд сайдад хариуцлага тооц

Ерөнхийлөгчийн санаачилгаар "Хүүхдийн төлөө фонд" нэртэй ТББ байгуулагдаж иргэдээс хандив тусламж авах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Тус ТББ-ыг үүсгэн байгуулагч нь Соёлын дэд сайд М.Батбаяр, "Херо" энтертайментын найруулагч Б.Баатар, иргэн Х.Дамдинсүрэн нар байгаа юм. Мөн гүйцэтгэх захирлаар жүжигчин Г.Ундармааг томилжээ. 

Тэд "Бүхнийг хүүхдийн төлөө" нэртэй хандивын тоглолтыг зохион байгуулж өчигдөр олон телевизээр зэрэг цацаж нийт 2.2 тэрбум төгрөгийн хандивыг цуглуулсан. Гэхдээ "Хүүхдийн төлөө фонд"-д цугласан уг мөнгийг юунд, хэрхэн зарцуулах нь тодорхойгүй байсан юм. 

Уг фондыг Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжин 10 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэсэн гэх мэдээлэл байсан. Мөн төрийн гурван өндөрлөг уг ажилд санал нийлж, хамтарсан гэж байсан билээ.  Тэгвэл Засгийн газраас байгуулсан хүүхдийн төлөө тусгай сангийн үйл ажиллагаанаас Ерөнхийлөгчийн санаачилсан фонд нь чиг үүргийн хувьд тэс өөр ажээ. Тодруулбал, Засгийн газраас хүүхдийн төлөө сан байгуулж ажиллахтай зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга "Хүүхдийн төлөө фонд" ТББ-ыг байгуулж, иргэдийн үймүүлсэн байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр, сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Засгийн газар бол “Тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгож. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын тусгай сан байгуулах шийдвэрийн хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авч, мөнгө угаах шинжтэй үйл ажиллагаа явуулсан Соёлын сайд, дэд сайдад хариуцлага тооцож, хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино" гэжээ.