ЖДҮ-чин Л.Энхболд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирлын ажлаа өнөөдөр хүлээн авч байна

ЖДҮ-чин Л.Энхболд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирлын ажлаа өнөөдөр хүлээн авч байна

Өнгөрсөн аравдугаар сарын 12-ны өдөр “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилсон. Тус компани Ерөнхий захирлаас гадна нэг тэргүүн дэд захирал, гурван дэд захиралтайгаар үйл ажиллагаа явуулахаар бүтцээ шинэчилсэн. 

Гурван дэд даргад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Л.Хосбаяр нарыг томилсон юм. 

Тэгвэл Л.Энхболд нь өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээн авч  байгаа талаар эх сурвалж мэдээлэв. 

Түүний хувьд Өмнөговь аймгаас сонгогдон 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Өмнөговьд нүүрс тээвэр болон олборлолтын хэд, хэдэн бизнестэй ч өнгөрсөн хугацаанд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон Бичил санхүүгийн хөгжлийн сангаас зээл авч бусдын боломжийг хулгайлсан нэгэн. Тэрбээр тус сангаас зээлсэн мөнгөө банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлж мөнгө угаасан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй. Үүнээс үүдэлтэйгээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь асуудал прокурорын хүсэлтээр хөндөгдөж хүртэл байсан билээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна.

Тэрбээр “ИРЭЭДҮЙ ИНВЕСТ” банк бус санхүүгийн байгууллагын 50 хувийг эзэмшдэг талаар ХОМ-тээ дурджээ. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн хүү сарын 3-3,5 хувь. Сэлэнгэ,Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт салбартай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ББСБ-ынхаа захирлаар ажилладаг байсан. Мөн тэрбээр УИХ-д ажиллахдаа тодорхой санаачилсан хууль болон дорвитой ажил байхгүй юм.