С.Эрдэнэ: АН хоёр хуваагдаагүй, дотоод жижиг үл ойлголцол байсан

С.Эрдэнэ: АН хоёр хуваагдаагүй, дотоод жижиг үл ойлголцол байсан

АН-ын тамга хүчингүй болсон гэх асуудал үүссэн. Тэгвэл АН-ын дарга асан С.Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Улсын бүртгэлийн газраас гаргасан Улсын байцаагчийн шийдвэрийг хэвлэлийнхэнд танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд намын Үндсэн дүрмийн дагуу 2020 оны сонгуулийн үр дүнгээр АН-ын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Би хариуцлага хүлээж дараагийн намын даргын сунгаа зохион байгуулах дараагийн даргад тамга хүлээлгэж өгөх үүргийг дэд даргадаа хариуцуулсан боловч 6 сарын хугацаанд Дүрмийн бус үйлдлүүд хийж, эрх мэдлээ хэтрүүлэн, намыг эмх замбараагүй байдалд оруулан ажилласан тул түр эрхийг цуцлаж АН-ын тамгыг өгөх шаардлага тавьсан.

Сүүлд холбогдох төрийн байгууллагад албан хүсэлт өгч тамга хүчингүй болгосон. Дүрмийн дагуу Шинэ намын даргыг сонгох хэрэгтэй. Ажлын хэсэг гарч ажиллана. АН-ын их хурлыг дүрмийн бус байдлаар, эрх бүхий биш этгээд зарлаж, хүчин төгөлдөр бус их хурлыг хийсэн. Түр эрхийг цуцалж, тамгыг буцааж өгөх шаардлагыг тавьсан. Удаа дараа шаардлагыг биелүүлээгүй учраас УБЕГ-т хандаж, тамгыг АН-ын хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Түр эрх эдэлж байсан нөхөр дээр байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэсэн.

АН өнөөдрөөс эхлэн хуучин төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна. АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа. АН сөрөг хүчний идэвхтэй байр суурин дээр ажиллана. АН-ын их хурлыг хуралдуулах, дараагийн даргыг сонгох сунгаа хийх гарцыг судалж байна. АН хоёр хуваагдаагүй, дотоод жижиг  үл ойлголцол байсан. АН 30-аад жил хагаралтай байлаа. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо байхад фракц бүлэглэлтэй. Тэндээ хуваагдаж хуувилдаан байдлаар л ажилладаг байлаа. Саяын цахим их хурлаар хэлэлцсэн “Үндсэн дүрмийн өөрчлөлт” энэ байдал руугаа ухарсанг хараад дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн” гэв.