ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Хятадын хэлний бодлого Монгол бичгийн сэргэн мандалтын эхлэл болжээ

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Хятадын хэлний бодлого Монгол бичгийн сэргэн мандалтын эхлэл болжээ

Өнгөрсөн есдүгээр сарын эхээр БНХАУ хос хэлээр боловсрол олгох нэрийн дор ӨМӨЗО-ны зарим хотын сургуульд хятад хэлээр хичээл заах шийдвэр гаргасан билээ. Үүний улмаас монгол бичиг, хэл соёлоо авч үлдэхийн тулд Өвөр Монголчууд тэмцэж, жагсаал цуглаан зохион байгуулж, эсэргүүцлээ хүчтэй илэрхийлсэн. Энэ тэмцэлд хэд хэдэн Монгол үндэстэн амиа ч зольсон.

Тэдний тэмцлийг бид ч дэмжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр төв талбайдаа дээлээ өмсөж, тайван жагсаал хийж байлаа. Гэсэн ч их гүрний том бодлогын эсрэг хүн цөөдөж, энэ асуудал намжсаар урт хугацаа өнгөрөв. Харин бид монгол бичгээ орхиж үл болохыг ойлгож авсан. Тэгвэл “AFP” агентлагийн вебсайтад “Хятадын хэлний бодлого монгол бичгийн сэргэн мандалтын эхлэл болжээ” хэмээх нийтлэл гарчээ. Энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

-ТЭД “ЦУС НЭГТ АХАН ДҮҮСЭЭ ХАМГААЛЦГААЯ” ХЭМЭЭН ОРИЛЖ БАЙВ-

Монголын нийслэл Улаанбаатар хот. Нэг ангид хэсэг залуус Зөвлөлт холбоот улсын үеэс хэрэглэж эхэлсэн кирилл үсгээр тэмдэглэл хөтөлж, Чингис хааны үеэс улбаатай босоо монгол бичгээ суралцаж байна. Зарим нь дэвтрээ хажуу тийш нь хөндлөн байрлуулжээ. Тэдэнд хичээл зааж буй залуу бол Батбилэгийн Лхагвабаатар. Б.Лхагвабаатар самбар дээр монгол бичгийн үсгүүдийг хичээнгүйлэн бичиж, залуу охид, хөвгүүдэд дүрмүүдийг тайлбарлаж байна. Тэд бол Өвөрмонголын бүс нутаг буюу үндэс нэг төрөл төрөгсдөд нь хэрэглэж заншсан монгол бичгийг мандарин хэлээр сольж, шинэчлэхийг эсэргүүцсэн жагсаалын дараа уламжлалт бичгээ сурах урам зориг нэмэгдсэн хүмүүсийн нэг юм.

Б.Лхагвабаатар

Монголчууд 4.5 сая орчим монгол угсаатан оршин суудаг Өвөр Монголд Хятадын Засгийн газраас явуулж буй хос хэлний бодлого нь Шинжаан, Түвд, Уйгур зэрэг бүс нутгуудын адил өөртөө уусгах бодлого гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар ирэхэд Улаанбаатарын төв талбайд уламжлалт хувцсаа өмссөн хэдэн зуун иргэн “Эх хэлээ хамгаалцгаая”, “Цус нэгт ахан дүүсээ хамгаалцгаая”, “Бид хэлээ хамгаалах үүрэгтэй” хэмээн орилж байв. Энэ тэмцлээс хойш Б.Лхагвабаатар худум гэж нэрлэгддэг монгол бичгийг үнэ, төлбөргүйгээр зааж эхэлжээ.

Б.Лхагвабаатар “Бид хурдтай өөрчлөгдөж буй даяаршлын эрин зуунд амьдарч байна. Хүмүүс ямарваа асуудлыг нухацтай сууж бодох завгүй болсон. Гэхдээ Өвөр Монголд өрнөсөн тэмцлийн дараа залуус үндэснийхээ үнэт зүйлийн талаар ихийг ойлгож, монгол бичигт ач холбогдол өгөх болсон. Тиймээс би олон зуун жилийн түүхтэй монгол бичгээ хүмүүст сурталчлахыг хүсэж байна” гэв.

-ӨВӨР МОНГОЛЧУУДЫН ТЭМЦЭЛ ТЭДЭНД ИХ ЗҮЙЛИЙГ ОЙЛГУУЛСАН БОЛОЛТОЙ-

Монгол Улсын засгийн газар одоогоос наян жилийн өмнө Зөвлөлт холбоот улсаас хараат засаглалтай байхдаа кирилл үсгийг хэрэглэж эхэлсэн бол одоо монгол бичгээ сэргээж, өргөн хүрээнд хэрэглэх ажлыг идэвхтэй дэмжиж байна. Төрийн хэвлэл нь /МҮОНТ/ мэдээ, контентынхоо тайлбарыг нэг талд нь крилл үсгээр нөгөө талд нь монгол бичгээрээ бичиж эхлэв. Мөн технологийн хөгжүүлэгчид босоо бичгийг шинэ аппликейшн, цахим орчуулагч, олон нийтийн мэдээллийн платформд оруулахаар ажиллаж байна. Үүний нэг жишээ нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Болорсофт” хэмээх програм хангамжийн компани юм. Тэд хүний яриаг монгол бичигт хөрвүүлэх програмыг бүтээхээр ажиллаж байгаа аж. Мөн тус улсын Ерөнхийлөгч, самбо бөхийн аварга асан Халтмаагийн Баттулга хүртэл иргэддээ уламжлалт бичгээ сурахыг уриалж өөрийн биеэр теле хичээл зааж эхэлжээ.

Энэ мэт Монголчууд босоо бичгээ сэргээх олон төрлийн үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж эхлээд байна. Өвөр Монголчуудын монгол бичгийн төлөөх тэмцэл тэдэнд их зүйлийг ойлгуулсан бололтой.