О.Амгаланбаатар: Улаанбаатар дахь алтайчууддаа идэшийг нь хүргэх мөн малчдын малыг борлуулах ажлыг хийх ёстой

О.Амгаланбаатар: Улаанбаатар дахь алтайчууддаа идэшийг нь хүргэх мөн малчдын малыг борлуулах ажлыг хийх ёстой

Улс орон даяар хатуу, хөл хориог тогтоосонтой холбоотойгоор хотын иргэд өвлийн идэшээ /мах/ татан авч чадахгүй, малчид махаа борлуулж чадахгүй нөхцөл байдал бий болоод байгаа билээ.

Эл нөхцөл байдалд тохирсон менежментийг Говь-Алтай аймгийн удирдлагууд зохион байгуулж Улаанбаатарт суугаа нутгийнхандаа зориулан хүнсний "Хангамжийн цуваа"-г өнөөдөр хот руу хөдөлгөжээ.  Цуваа нь 17 сумын 31 машинаар 3000 орчим өрхийн 300 тонн махыг хүргэхээр явж байна. Хүргэлтийг УОК-оос гаргасан заавар журмын дагуу, ариутгал халдваргүйтгэл болон бусад холбогдох шаардлагад нийцүүлэн зохион байгуулжээ. Хүргэлт маргааш /2020.11.28/ Улаанбаатар хотод ирж Нэгдүгээр хороолол Хархорин захын баруун талын Барс-2 худалдааны төв дээр УОК-оос зөшөөрөгдсөн цагийн дагуу /22:00-10:00/ түгээлт хийнэ. 

Энэ талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Ард иргэдийнхээ хоол хүнсийг тасалдуулахгүй, малчдынхаа мал, махыг нь борлуулах мөн аймаг сумдын хүнсний хэрэгцээг тасалдуулахгүй байлгах үүднээс Говь-Алтай аймаг санаачилж өнөөдөр Улаанбаатар хотод суугаа Говь-Алтайчуудынхаа өвлийн идшийг хүргэх "Хүргэлтийн цуваа"-г хөдөлгөлөө" гэсэн юм. 

 
 

Эл ажлын талаар тэрбээр доорх мэдээллийг өглөө. 

-Та зөв санаачилга гаргажээ. Эл үйл ажиллагааг зохион байгуулах болсон зорилго юу вэ? 

-Говь-Алтайн малчдын махыг ченжийн гар дамжуулалгүй үнийг нь унагалгүй борлуулах зорилготой. Мөн идэшээ авч чадахгүй иргэддээ хоолыг нь хүргэх ажлыг хийх ёстой юм байна гэж шийдээд уг цувааг хөдөлгөж байна. Зохион байгуулсан нийт хүмүүстээ баярлалаа. 

-Эдгээр 31 машин буцахдаа өвс, тэжээл ачиж явна гэсэн мэдээлэл байсан? 

-Тийм. Сумдын удирдлагууд болон дэлгүүрүүдийн эзэдтэй холбогдсон. Өвс, тэжээл, гурил, будааг ачиж ирэхээр төлөвлөсөн. Очоод Барс-2 зах дээр түгээлт хийгдэнэ. Түгээлт хийхдээ халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахих талаар зааварчилгаа өгсөн байгаа. Жолооч нар түгээлтээ хийж дуусгаад буцаад ачаагаа ачаад ирнэ. 

-Дамжин өнгөрөх аймгууд болон хот руу нэвтрэх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна?

-Цагдаагийн машин хамт явна. Хурдаа тохируулах, олон жолооч нар явж буй учир архи, дарс уулгахгүй байхаас эхлээд зохицуулах асуудал бий. Тиймээс цагдаагийн машин хамт явж байна. Дамжин өнгөрөх Өвөрхангай, Баянхонгор  аймаг болон Улаанбаатар хотын Онцгой комисст мэдэгдэж шийдвэрлэсэн байгаа.