УИХ-ын гишүүн асан, "ШИНЭ" намын дарга Ж.Батзанданг Австрали улсад суух элчин зөвлөхөөр томилсон гэх мэдээлэл байна. Түүний хувьд 2012, 2016 онд Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч 2020 оны сонгуульд өвдөг шороодсон юм.
Гудамжны жагсаалаас улс төрд орсон Ж.Батзанданд олон нийт ам муутай байдаг. Өнгөрсөн найман жилийн хугацаан дахь түүний улс төрд гаргасан зан авир, шударга бус шийдвэрүүд, ашиг хонжоо хайсан үйлдэл, үр дүнгүй яриа, үйл бүрт хүмүүс дүгнэлт хийж эцэст нь "Попын хаан" гэх хочийг хүртэл өгсөн байдаг.
Сүүлийн үед ордноор их харагдах болсон тэрбээр Австрали дахь Элчин зөвлөхөөр томилогдох ажлаа хөөцөлдөж байсан бололтой.
Дашрамд дурдахад, түүний ах Ж.Баатарчулуун Хөх хотод консулаар ажиллаж буй бөгөөд визний наймаа болон бусад хууль бус шийдвэр гаргасан гэх хэл аманд байнга өртдөг билээ. Мөн бас нэг ах Ж.Бат-Эрдэнэ нь Зам тээрвийн яамны төрийн нарийн бичгийн даргаас эхлээд томоохон албан тушаалуудыг хашиж байсан юм.
Элчин зөвлөхийг Гадаад харилцааны сайд тушаал гаргаж томилдог билээ.
Уг томилгоог гадаад харилцааны яамны зарим дипломатууд эсэргүүцэж буй бололтой. Тухайлбал, уг албанд харилцаа хандлага, ёс зүй өндөр түвшинд бэлтгэгдсэн хүн томилогдох ёстой юм.