А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн өвчлөлийг дагаж, Дархан-Уул аймагт бас нэг тохиолдол бүртгэгдсэн

А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн өвчлөлийг дагаж, Дархан-Уул аймагт бас нэг тохиолдол бүртгэгдсэн

УОК-ын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Сэлэнгэ, Дарханы нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрээр “Улаанбаатар хотод арванэгдүгээр сарын 10-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Одоо Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 10 байна. Эдгээр 10 хүн нь хоорондоо хамааралтай, ах дүү, хамаатан саднын буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс байна. Энэ ойрын хавьтлын гадна хоёрдахьч хавьтал болох 5 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй.  Мөн Сэлэнгэ аймагт халдварын батлагдсан тохиолдол бүхий голомтолсон багц халдвар гарсан. Одоо дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ өвчлөл нь Алтанбулаг боомтоор ачаа тээвэр оруулж ирэх явцад төмөр замаа дагаж үүссэн гэж бид үзэж байна. Сэлэнгэ аймгийн энэ кластер өвчлөлөөс улбаалан төмөр замаа дагаж, Дархан Уул аймагт бас нэг тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь хойноос орж ирж буй ачаа тээвэртэй холбоотой үүссэн байх магадлалтай гэж үзэж байна. 

Улаанбаатар хотын анхны багц тохиолдол мөн ТИР машины жолоочоос улбаатай. Иймээс эдгээр хүмүүстэй холбоотой бүх хүмүүсийг үргэлжлүүлэн тандан судалж байна. Сэлэнгэ аймагт хоёр том баг ажиллаж байгаа. Ойрын хавьтал хоёрдогч хавьтлыг тогтоогоод Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумдын нийт хүн амыг шинжилгээнд хамруулна. Нөхцөл байдлыг хяналтад авч байгаа" гэв.