Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон хятад иргэдээс нэгийг нь буцаан авчирч, тайлбар мэдүүлэг авахыг даалгажээ

Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон хятад иргэдээс нэгийг нь буцаан авчирч, тайлбар мэдүүлэг авахыг даалгажээ

БНХАУ-ын 800 иргэн таван зочид буудалд хуваагдан байрлаж цахим орчинд мөнгө угааж байсныг ТЕГ, ЦЕГ-ынхан өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр илрүүлж, албадан гаргасан билээ. Тэд жуулчны визээр Монголд ирээд ажил хийж байсан нь шалгалтаар нотлогдсон. Улмаар тус иргэнээс 783-ыг нь Монгол Улсаас албадан гаргасан билээ.

Тэдгээр иргэдийг зохион байгуулсан гэх хэрэгт холбогдсон БНХАУ-ын  иргэн Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.6-3 дахь хэсэгт заасан мөнгө угаасан, 17.3-3.3 дахь хэсгийн эд хөрөнгө залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр хэлэлцээд аравдугаар сарын 11-нд шийдвэрээ гаргажээ. Шүүхээс уг хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан байна.

Ингэхдээ БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн 800 орчим хүний дунд багтан эх орондоо буцсан нэг иргэнийг буцаан авчирч, тайлбар мэдүүлэг авах, шүүхэд дуудан ирүүлэхийг даалгажээ.

Аль ч улс өөрийн иргэнээ гадаад улсын шүүхээр шийтгүүлэхээр шилжүүлэн өгдөггүй, татгалзах эрхтэй байдаг. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаадын иргэдийн улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй байгаа. Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болоод байна.