Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг шалгаж эхлээд байгаа.
Шалгалтаар "Туулын хурдны зам"-ын тендер сонгон шалгаруулалт хууль зөрчиж явагдсан байж магадгүй нөхцөл байдал илэрсэн тул нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
Мөн “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок/ Багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй байгаа бөгөөд тус тендер шалгаруулалтад сонгон шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
Тэгвэл Ажлын хэсэг нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилттэй холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэг авах, баримт бичиг гаргуулах ажиллагаа өдгөө ч явуулж байгаа аж.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярыг шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Л.Хосбаяр нь Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан нэгэн юм. Мөн тэрбээр “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд тус компани нь нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, санхүүжилтийн бүтэц боловсруулах, сангуудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Энэ ч утгаараа Нийслэлийн Засаг даргын орлогч асан Л.Хосбаярыг шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Нөгөөтээгүүр, Л.Хосбаяр нь Хотын дарга асан Х.Нямбаатарын "хүн" гэгддэг тул түүнийг шалгаж, улмаар шалгалтын ажиллагааг Х.Нямбаатар руу чиглүүлэх төлөвлөгөөтэй байх талтай байгаа юм.
Учир нь Л.Хосбаяр Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад буюу 2020-2023 онд тус яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, 2023 оны 10 дугаар сараас НЗДТГ-ын дарга, НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан. Товчхондоо Хотын дарга асан Х.Нямбаатарын "санхүү"-г хариуцаж байсан нэгэн тул ийнхүү орлогчоос нь эхлэн шалгаж байж магадгүй байна.