Тарвага агнахыг завдсан хүмүүсийн улмаас хөхүүл тарваганы мөндөл өнчрөх эрсдэлтэй байгаа талаар иргэн Ш.Батмөнх цахим хуудсаараа дамжуулан анхаарууллаа.
Тэрбээр өөрийн тариалангийн талбайн захад сүүлийн 3-4 жил нутагшин амьдарч буй тарваганы гэр бүлийн тухай хуваалцжээ. Өнгөрсөн жил уг тарваганы хос нэг, хоёр мөндөлтэй байсан бол энэ жил таван мөндөл гаргасан байна. Харин энэ жил эцэг тарвагыг агнасан тухай тэрбээр харамсан бичжээ. Мөн өөрийг нь зураг дээр харагдах бичгийг бичиж байх зуур тарваганы нүхийг буутай хүн сахиж байсан тухай сонссон бөгөөд хөхүүл эхийг нь агначих вий гэж санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Ш.Батмөнх "Одоо тарвага туранхай, мөндөл нь хөхүүл байгаа үе. Хөхүүл амьтны эхийг нь алж, нялх үрсийг нь өнчрүүлж болохгүй. Өөрийн үр хүүхэдтэйгээ зүйрлээд нэг бодоод үзээрэй" хэмээн уриалжээ.