Жимобайл компани “”Starlink Mobie” үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлнэ

Жимобайл компани “”Starlink Mobie” үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлнэ

Үүрэн холбооны Үндэсний оператор Жимобайл компани болон “SpaceX” хамтран дэлхийд тэргүүлэгч хиймэл дагуулаас гар утастай шууд холбогдох үйлчилгээ болох “Starlink Mobile”-ийг Монголд тун удахгүй нэвтрүүлэх гэж байна.

Энэхүү үйлчилгээ нь хиймэл дагуулын холболтыг дэмждэг аппликейшнүүдээр дамжуулан дуут болон дүрст дуудлага хийх, мессеж илгээх, хүлээн авах боломжийг хэрэглэгчдэд олгох юм. “Starlink Mobile” нь хэрэглэгч үүрэн холбооны сүлжээнд холбогдоогүй үедээ хиймэл дагуулын дохио хүлээн авах боломжтой орчинд байвал гар утсыг хиймэл дагуултай шууд холбодог. Энэхүү дэвшилтэт технологи нь Монгол Улсын хэмжээнд, ялангуяа алслагдсан бүс нутаг, томоохон бүтээн байгуулалтууд хэрэгжиж буй газрууд, аялал жуулчлалын бүс, болон онцгой байдлын үед харилцаа холбооны хүртээмжийг сайжруулах юм.

“Starlink Mobile” үйлчилгээний нэг гол давуу тал нь хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт төхөөрөмж ашиглах шаардлагагүй. Жимобайлын хэрэглэгчид 4G/LTE технологи дэмждэг гар утсаараа хиймэл дагуултай шууд холбогдох боломжтой бөгөөд ингэснээр энэхүү үйлчилгээ нь амьдралд ойр, хүртээмжтэй, ашиглахад хялбар байх юм байна.

Өргөн уудам газар нутаг, хүн амын сийрэг суурьшил, эрс тэс цаг уур, газарзүйн онцлогоос шалтгаалан Монгол Улсыг бүхэлд нь хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулахад хүндрэлтэй байдаг. Иймээс Starlink Mobile үйлчилгээ нь улс орон даяар сүлжээний хамрах хүрээг өргөжүүлж, үүрэн холбооны сүлжээ хүрэхгүй бүсэд ч холбоо тасрах эрсдэлийг бууруулан, улс орны өнцөг булан бүрт амьдарч, ажиллаж, зорчиж буй иргэдийг аюулгүй, найдвартай харилцаа холбоогоор хангах юм байна.