ШУУРХАЙ: "Ногоон автобусны хэрэг"-ээр хоригдож байсан "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг суллаж, хилийн хориг тавилаа

ШУУРХАЙ: "Ногоон автобусны хэрэг"-ээр хоригдож байсан "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг суллаж, хилийн хориг тавилаа

"Ногоон автобусны хэрэг"-ээр хоригдож байсан "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Тодруулбал, "Ногоон автобусны" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг гурван шатны шүүх хэлэлцээд, Улсын дээд шүүх зарим хэсгийн дахин анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Анхан шатны шүүх Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял, Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, х.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон.

Харин давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцээд А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол хяналтын шатны шүүх залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь "Эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцээгүй" гэх дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Товчхондоо, тус хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болж, А.Ганхуягт нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. 

Тэгвэл А.Ганхуяг нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр шүүхэд хандаж, энэ дагуу Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хүсэлтийг хэлэлцээд А.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.