Манай ширээнийхэн

Манай ширээнийхэн

"ПАРЛАМЕНТ-30"

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буланд нийтэлж байгаа билээ.

Анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцаж, улмаар анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлаас эхлэн 2020 он хүртэлх бүх парламентад завсаргүй 8 удаа сонгогдсон, 10 гаруй удаа Байнгын хорооны даргаар, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, даргаар сонгогдон ажилласан, Монгол төрийн шалгарсан түшээ Данзангийн Лүндээжанцангийн журмын нөхдийнхөө тухай бичсэн дурсамжийг толилуулж байна.

1990 оны намрын халуун өдрүүд үргэлжилж байв. Есдүгээр сарын 9-ний өдөр Улсын Бага Хурлын гишүүд сонгогдож, бидний хэдэн нөхөд чуулганы хуралдааны танхимын баруун хойд өнцгийн арын суудлыг эзлэв. Дорнодоос сонгогдсон “Бор” хэмээх Довдонгийн Жанцан (уул нь Говь-Алтай аймгийн Дарви сумын хүн) намайг дуудан, “Хоёулаа нэг ширээнд сууна шүү” хэмээв. “Үйлдвэрчний” гэсэн хаягтай Самдангийн Чулуунбаатар бас тэнд сууж байв. Ийнхүү Засагт хааны хөх харчууд буюу Говь-Алтайн хоёрын дунд суудал таарлаа.

Урд эгнээнд Ц.Өөлд, Ж.Уртнасан, А.Болат гэсэн хөдөө аж ахуйн салбарын “аксакалууд” суув. Бодвол намын бүлгийн даргын хувьд Ц.Өөлд суудал хуваарилснаас зайлахгүй. Манай урд талын хөрш ширээнийхнийг “Ойрхи Дорнодынхон” гэж нэрлэнэ. Энд С.Баяр, Ш.Шагдарсүрэн, Д.Батсүх (сүүлийн хоёр нь МҮДН-ынх), Д.Маам зохиолч, урд эгнээнд нь Социал Демократын гурав буюу Д.Ламжав, Р.Хатанбаатар. П.Улаанхүү нар суух бөгөөд үе үе улс төрийн халуун маргаан, мэтгэлцээн энэ хавиар болж, дуу шуу нь өндөрсөөд явчихдаг тул ийнхүү нэрлэхэд хүрсэн болой.

Миний бие 2010 онд “Хэзээ ч бүү шантар” нэртэй дурсамжийн ном гаргасан юм. Түүндээ хамт ажиллаж байсан бүх нөхдөө оруулж бичнэ гэсэн ч хэмжээндээ багтахгүй учраас төвөгтэй байж билээ. Энэ номын 126 дахь талд “…тухайн үед УБХ дотор аж ахуй, бизнесийн ашиг сонирхол гэж байгаагүйг хэлэх хэрэгтэй. Бидэнд хувийн ашиг сонирхол байгаагүй. Ачааны хүндийг бүх л гишүүд үүрэлцсэн, ялангуяа МАХН-ын бүлгийг ахалж байсан Ц.Өөлд халзайчихаад маргаан мэтгэлцээн бүхний дунд гол бай болж байдаг байв. С.Чулуунбаатар, Г.Зуунай зэрэг туршлагатай хүмүүс асуудлыг ийш тийш эргүүлэхэд их үүрэгтэй байлаа. Хоёулаа Засагт хааны хурц гэвэл хурц, хорон гэвэл хорон гэмээр үнэн чанга, гашуун үгтэй хүмүүс” гэж бичсэнээ дахин давтсу.

Цэвээнжавын Өөлд

Залуу сэтгэлгээтэй, маш спортлог хүн байлаа. Волейбол, ширээний теннис хоёрыг насан өөд болтлоо тоглосон. Машинаасаа буучихаад гэртээ оролгүй байрныхаа гадаа хөгшчүүлтэй даалуу тоглоод, давхар жаа үзээд л сууж байдаг гэж байгаа. Амралтын өдрүүдээр залуучуудтай чонын авд гараад өгдөг, өвчин хууч гэж ярьдаггүй хүн байсан даа.

УБХ-ын үед би Г.Зуунайгийн өрөөнд түүнтэй анх удаа цаг тавин шатар нүүж үзсэн юм. Завсарлагаа болгоноор шахуу орж Зуунай 2 минут, би 5 минут тавиад тоглож, насаа тоолуулдаг байлаа. Ц.Өөлдтэй бол цаг тавихгүй тоглоно. Аваа өгөөтэй л байдаг байв. Бас бяцхан бооцоотой. Нэг удаа тэр хожигдчихоод бооцоогоо өгөхгүй, даагаа нэхнэ гээд байхаар нь бооцоогоо авах гээд түрийвчийг нь сугалаад авсан чинь түрийвчээ булаацалдан барилцаад авав. Сүүлдээ бүр дээр дороо орон ноцолдож, өрөө ундуй сундуй, бичиг цаас холилдож, яг л “Ийм нэгэн явдал“ гэдэг орос кинон дээр гардаг шиг эмх замбараагүй юм болов. Ц.Өөлд хөлсөө цувуулан өдөржингөө цаасаа эмхлүүлж билээ.

Маргааш нь хашрахгүй шатрын өргийн ард суучихсаныг маань хараад “Энэ хоёрын жаахан хүүхдүүдээс дор сахилгагүйтэхийг нь” хэмээн манайхан шоолж байж билээ.

Тайлбар: Ц.Өөлдтэй Москвад

УБХ-ын үед хээр гарч барилдаад, Ц.Өөлд бид хоёр хэн хэнийгээ унагааж чадсангүй. Бид хоёрын барилдаж буй зургийг хэн нэг нь дараад, мань Ц.Өөлдөд өгсөн хэрэг. Ц.Өөлд Ж.Уртнасанд зургаа үзүүлээд “Би энэ муу Лүндээг алж өгч байгаа биз” гэжээ. Зурган дээр миний цамц, майкийг хуу хамаад толгойд углачихсанаар гарсан байв. “Харамсалтай нь давж чадаагүй юм даа” гэвэл Ж.Уртнасан “Энийг гартаа юугий нь барьж, газарт юугий нь тавих юм” гэлээ. Тэгэхлээр нь би “Тэгвэл хоёулаа бооцоотой барилдъя” гэвэл, “Тэгье, би толгойгоо тавьчихъя” гэж байна. “Толгой чинь ч арай хайран байна, харин та баян хүн, машинаа тавьчих” гэв. Үүнийгээ Ж.Уртнасан гуай Баянмөнх аваргад ярьсан чинь “Хүүе болохгүй, цаад үхээр чинь секцэнд явж байсан юм” гэсэн гэж олонтаа дурсан ярьдаг байлаа. Ц.Өөлд, Ж.Уртнасан нар бие биенээ байнга цаашлуулна.

1990-ээд оны эхэн үе бол МАХН (эдүгээгийн Монгол Ардын нам)-ыг тараах тухай асуудал байнга хөндөгдөж байсан, эмзэг цаг үе байв. Ийм хүндхэн үед Ц.Өөлд УБХ дахь Намын бүлгийн ахлагчийн хувьд олонхийн бүлгийн доторх эв эеийг хичээхийн зэрэгцээ цөөнхийн бүлгийн гишүүдтэй ч эвтэй аятай харилцахад түүний аядуу зөөлөн мөртлөө зарчимч байр суурь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. МАХН-ыг улс төрийн ууган хүчин хэвээр авч үлдэхэд Ц.Өөлдийн хичээл зүтгэл жинтэй хувь нэмэр оруулсан даа гэж хамт УБХ-д сонгогдон ажиллаж байсан Ц.Товуусүрэн дурсаж байна. 

Тэрбээр Үндсэн хуулийн тав, зургаадугаар зүйлүүд дээр Б.Чимид, М.Энхсайхан нарын хамт голлон ажилласан. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудын төслийн Ажлын хэсгийг ахалж батлуулсан юм.

Жамбалдоржийн Уртнасан

Тэрбээр 1991 онд АИХ-ын хоёрдугаар хуралдаанаар АИХ-ын даргаар сонгогдон, шинэ Үндсэн хуулийг хэлэлцүүлж батлуулах ажлыг удирдсан юм. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг АИХ-аар 70 гаруй хоног хэлэлцэж 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан хуралдаан дээр АИХ-ын дарга Ж.Уртнасан гуай хэлэхдээ “Энэ баярт мөчийг та бид зүрх сэтгэлдээ хадгалж, хойч үе маань түүх болгон дурсах болно. Үүний учир бид Үндсэн хуулиа даяар олноо зарлан тунхаглаж байна. Та бид оносон аваас үр ач нар минь баярлан талархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд маань үлдэх болно. Одоо гагцхүү туурвиж бүтээсэн Үндсэн хуулиа дээдэлж хэрэгжүүлэхэд хүчин зүтгэх л үлдлээ” гэсэн билээ.

Үнэхээр энэ хүний уужуу тайвуу сэтгэл, дөлгөөн зөөлөн зан чанар, алсыг харсан ухаалаг мэргэн байр суурь, ажил амьдралын баялаг туршлага, нэр хүнд Үндсэн хуулийг батлуулахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн билээ. Бид төрийн ийм том зүтгэлтнээ мартах учиргүй юм. Тэрбээр мөн 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан билээ.

Ж.Уртнасан гуай онигооны мастеруудын нэг. Онигоо зохиохдоо гаргууд байв. Нэгэн удаа өрөөнийх нь үүдээр явж байгаад хаягнаас нь санаа авч, хуралдааны танхимд орж ирээд суухаар нь “Та үдийн завсарлагаанаар өрөөндөө байсангүй юу” гэвэл “Би байсан, өрөөнөөсөө гараагүй. Ямар хэрэг гараав” гэв. “Үгүй дээ, зүгээр л… Таны сонгогч бололтой нэг хүн таны өрөөг зааж өгөөд байхад олохгүй юм. Бичиг үсэг ч тааруу бололтой. Ж.Уртнасан гэсэн хаяг байгаа гэхэд Журнасан гэж уншаад, эргүүлээд уншихаар Нусанжур болоод байна гэж байна лээ” гэвэл хариу хэлсэнгүй. Төдхөн эргэж хараад над руу цаас чулуудав. Уншвал “Нусан жур хэмээсний хариуд илгээх захидал” гэсэн гарчигтай,

Чимидийн бол шавь Жанцан

Чимгээгийн бол багш Жанцан гэж эхэлсэн тав, зургаан бадаг намайг шоглосон шүлэг байсан бөгөөд ширээний нөхдүүд дамжуулан уншцагааж, бөөн инээдэм болцгоож байтал чуулганы хуралдаан эхэлж бидний “хөгжим”-ийн завсарлага дуусав.

  Тайлбар: АИХ-ын дарга Ж.Уртнасан Үндсэн хуулийн уг эхийг  танилцуулж байна

Манай эхнэр миний хуучин костюмыг индүүдэж байснаа “Та нар чинь нэгнийгээ яасан аймаар шоолдог юм бэ” гэснээ пиджакны халааснаас гарсан цаас өгөв. Авч үзвэл 1990 оны есдүгээр сард УБХ-ын чуулган эхлээд удаагүй байхад С.Чулуунбаатар “Ж.Уртнасанд зориулав” гээд, толгойгоо гилжгий хаясан буур зурж “Ховдын хүрэгч ингэний ботго, Алтайн алагч ингэний ботго” хэмээн хэдэн мөр шүлэглэсэн нь миний халаасанд ороод мартагдсан байв. Ж.Уртнасан гуайн толгой гилжгийдүү тул гишүүдийг даалуу болгоход “дэгээ ес” гэдэг байлаа.

АИХ-ын хуралдаанаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байсан цаг. Өглөө ирээд “АИХ-ын дарга Ж.Уртнасан танаа” гэж хаяглаад нөгөө бичгээ явуулав. Ж.Уртнасан дарга өглөөний мэнд дэвшүүлж, ирц танилцуулаад, хуралдааны эхэнд иргэдээс ирүүлсэн бичгүүдийг танилцуулдаг дэг ёсоор “… дугаар тойргийн депутат … ийм санал гаргасан байна” гээд уншиж эхэлснээ гэнэт миний нөгөө явуулсан бичгийг нүдэндээ ойртуулан харснаа индэр дээрээс гараа атган над руу зангалаа. Депутатууд юу болж байгааг сайн ойлгоогүй бөгөөд Уртнасан дарга цааш нь ирсэн бичгүүдийг уншиж танилцуулаад өнгөрсөн билээ.

Ажханы Болат

Казахын ард түмний энэ том “аксакал” нэг ширээнд сууж таарсан нь бас том завшаан гэж боддог. Алтай нутгийнхаа тухай, Казахын ард түмний үүх түүхийн тухай, хөдөө аж ахуйн амьдралын талаар мөн ч их зүйл надад ярьж байсан даа. Тэрбээр хөдөө аж ахуйн салбарын асуудал хэлэлцэхэд идэвхтэй байр суурьтай оролцож, олон чухал санаа дэвшүүлдэг байв. УБХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хууль хэлэлцэж байхад А.Болат гишүүн “Наурыз бол уг чанартаа шашны баяр биш, лалын улсуудад мөрдөж байхаар 1079 онд тогтоосон шинэ жилийн баяр юм. Наурыз гэдэг нь шинэ сар гэсэн үг юм” гэсэн тайлбар хэлснээр Наурыз баярыг амралтын өдрийн тоонд оруулж шийдвэрлэх эрхийг Баян-Өлгий аймгийн Ардын Депутатуудын Хуралд олгох шийдвэрийг гаргуулж чадсан юм.

 Тайлбар: А.Болат, Ж.Уртнасан, Д.Лүндээжанцан

Анх удаа Монголын парламент дээр гадаадын зочин үг хэлэх болов. Энэ нь Энэтхэгийн дэд ерөнхийлөгч Шарма хэмээх дэлхийн хэмжээний нэр хүндтэй, том зүтгэлтэн байв. Гадаадын том зочин үг хэлэх учраас гишүүд хоцорч болохгүй, хувцас хунартаа анхаарах хэрэгтэй гэж УБХ-ын орлогч дарга К.Зардыхан сануулж хэлэв. Гэтэл А.Болат гишүүн гараа өргөөд, “Дарга аа, үг хэлж болох уу” хэмээн зөвшөөрөл аваад босож, пиджакныхаа товчийг нэгбүрчлэн товчлоод хоолойгоо засаж, “Хувцас муутай нь ирэхгүй байж болох уу, дарга аа” гэж билээ. Энэ нь цаанаа К.Зардыхан гуайн үгэнд дургүйцлээ илэрхийлсэн ёжлол байсан юм билээ.

А.Болатыг гадаадад айлчлаад ирэхэд онигоо зохиогддог байлаа. Ийм явдал тэр бүр болоогүй ч түүний хашир зан чанарт нь тааруулж зохиодог байсан юм. Нэгэн удаа манай 3 гишүүн Кувейт, Израиль, Египетээр айлчилжээ. Ингэж явахдаа хоёр нөхрөө Тель-Авивын гудамжинд “гээж”, англи хэл мэдэхгүйн эрхээр израиль жолоочдоо А.Болат гуай “Көөе нөкөөр” гэж монголоор хашгирсаар байгаад хоёр хүн байхгүй байгааг ойлгуулж, хүлээлгэж чадсан байна.

Довдонгийн Жанцан

1990 оны хавар, тавдугаар сарын эхээр Дорнод аймагт Сонгуулийн хууль тайлбарлах ажлаар очоод байж байтал аймгийн захиргаан дээр нэгэн хурал болж байв. Тэнд Дорнодын талыг хагалж 5 сангийн аж ахуй байгуулах тухай хэлэлцүүлэг болж байгааг дуулаад орж явчихав. Халх голын газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнггийн захирал Хүчит гэдэг хүн төслөө танилцуулж байх юм. Дараагаар нь би үг хэлэх зөвшөөрөл авч, “Түрүүчийнхийг нь атаршуулж хаяад байж, юун шинээр газар хагалах. Дорнодын тал бол Монголын хойч үеийнхний ганц үүц газар” гээд эсэргүүцэж гарав. Хүмүүс ч надтай ижил бодол санаатай байгаа бололтой. Хэлэлцүүлэг тэгсхийгээд тарлаа.

Хурлын дараа нэг бор нөхөр “Би аймгийн Гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч Жанцан гэдэг хүн байна. Өөртэй чинь санал нэг байгаа. Өмнө нь би Ононгийн САА-н дарга байсан хүн” гэж өөрийгөө танилцуулсан юм. Ингэж бид хоёр анх танилцсан түүхтэй. Намар нь АИХ-ын хуралдаан дээр хуучин танилын ёсоор дуу шуу болон уулзсансан.

“Бор” Жанцан маш махруу, санасан бодсоноо хэнээс ч эмээхгүйгээр ил шулуун хэлнэ. УБХ-д Төрийн байгуулалтын байнгын хорооны доторх Орон нутгийн удирдлагын дэд хорооны даргаар ажиллана. Д.Батбаатар (өнөөгийн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга) гээд ганц ажилтантай. Үндсэн хуулийн төслийн нутгийн удирдлагын бүлгийг хариуцан ажилладаг байлаа.

Орон нутагт олон жил ажилласан туршлагатай. Иймээс нутгийн захиргаатай холбоотой Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийг боловсруулах ажлыг жил гаруй хугацаанд хариуцан, олон ч шалгуур даван байж батлуулсан гавьяатай.  

Тайлбар: Зүүн гараас Ц.Өөлд, Д.Батсүх, Д.Жанцан, Д.Энхбаатар

“Бор” Жанцанг би “Захиргаадалтын амьд загвар” гэж шоолно. “Хараагүй хүнийг хар зүсмийн морь бариад ир гэвэл л захиргаадалт болохоос хатуу шаардлага тавьсан хүн муйхар шаардлага тавьсан болохгүй” гэж хариу барина.

УБХ-аар Сонгуулийн хуулийн төсөл хэлэлцэх явц маш хурц болсон бөгөөд томсгосон можаритараар сонгуулийн хууль батлагдахад “Бид ялчихлаа” гэж сөрөг хүчнийхэн баярлалдаж байв. Энэ үед Жанцан надад уурлаж, “Хэрэв чиний наад батлуулсан тогтолцоогоор ороод нам ялагдвал чи амиа хорлоно гэж надад ам өчгөө цаасан дээр бичиж өг” гэж шамдуулж, бичүүлж авч билээ. Сүүлд энийгээ ярьж инээлддэг байсан юм.

Энэ талаар тэр үед Баабар “Хөөрхий муу Лүндээ холимог тогтолцоо санал болгоод, хоёр Жанцангийн дунд хавчуулагдаад, нусаа шур шур хийтэл татаж алуулангаа алдав” хэмээн шоолон бичиж байлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч болсон хойно нь “Заазуур Жанцан хүн их загнаж байна уу” гэвэл “Би заазуур хочноосоо салаад “үүрэг“ Жанцан нэртэй болсон” гэдэг байлаа. Үүрэг тавихдаа цаг хугацаатай нь нэг, хоёр, гурав гэж байгаад үүрэг тавиад, түүнийхээ биелэлтийг хатуу нэхдэг байсан учраас мань эр ийм хочтой болсон хэрэг.

Миний бие Д.Жанцангаас бусадтай нь “гуай” гэж харилцана. Жанцан гуайг бол “Бор” л гэнэ Учир нь хуульч Н.Жанцан багш цаана нь байгаа учир бор, шар гэж ялгадаг байлаа.

Самдангийн Чулуунбаатар

Бидэн дундаа л гадаад дотоод явж, галуу шувууны мах идсэн, юм үзэж, нүд тайлсан нэгэн байв. Үйлдвэрчний эвлэлийн шугамаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хуралд олон жил явж, Швейцариас эхлээд тэр үеийн хөрөнгөтөн олон улс оронд очсоноо хуучилдаг, Ш.Батсуурь аваргатай нэг голынх гэдэг байв. Хэл ам нь хурц, цэцэн цэлмэг яриатай.

1990 оны өвөл нэг өдөр алга болов. Тэгсэн чинь маргааш нь “Спортын мэдээ” сонины эхний нүүрэнд түүний үг хэлж, хурал удирдаж байгаа гоё зураг гарчээ. Гарчиг нь “Аврагч” нэртэй. Спортын аль ч холбоо билээ, хөнгөн атлетик болов уу, нэг холбооных нь Их хурал болоход мань Чулуунбаатараар хурлаа удирдуулж, ямар ч байсан хурал нь амжилттай болж өнгөрсөн юм байна.

Тайлбар: Зүүн гараас эхнийх нь С.Чулуунбаатар

Чука бид хоёр бие биенээ сүрхий цаашлуулна. Их ч маргана. Чулуунбаатар гуай намайг “Муу турсага” л гэнэ. УБХ халаагаа УИХ-д шилжүүлж өгсөн зун бид нэг нэгнээ үгүйлэх тул нэг өдөр гэр лүү нь утас цохив. Эхнэр нь утсаа авлаа. УБХ-ын гишүүн байсан, сүүлдээ УИХ-ын гишүүн болсон Чулуунбаатар гуайн орон суурин (орон суурин гэдэг нь нас барсан хүний ар гэрийг хэлдэг) мөн үү гэж асуулаа. “Хөөе Чулуунбаатар аа, энд нэг хүн юу яриад байгаа юм бэ, чи өөрөө ярь” гээд ундууцаж байгаа нь сонсдов. Чукаг утсаа авахад нь нөгөөхөө хэлбэл “Муу турсага чи амьд уу” гэж утасны цаанаас хашгирах шахам чанга хэлэх нь сонсдож билээ.

С.Чулуунбаатар Ши.Батбаяртай 1990 оны хоёрдугаар сард ярьж (Батбаяр МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга байсан) Д.Нямбуу, Б.Сурмаажав, М.Энхсайхан бид 4-ийг МҮЭ-ийн зөвлөх гэж долоо хоногийн 3 өдөр ажиллуулж, Үйлдвэрчний эвлэлийн шинэчлэлийн баримт бичиг дээр суулгадаг байв. Энэ цагаас хойш бие биенээ таньдаг болсон учраас нэг ширээнд суусан хэрэг. Тэр УБХ-аар иргэдийн ҮЭ-д эвлэлдэн нэгдэх эрхийн тухай хуулийг батлуулж чадсан хүн дээ. Бас АИХ-ын хуралдааны үед Депутатуудын хорооны гишүүнээр ажиллаж, Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхэд бичгээр саналын томъёоллуудаа гаргаж, үндэслэлээ сайтар тайлбарладаг байлаа. С.Чулуунбаатар 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон Дотоод асуудлын Байнгын хороог тэргүүлж ажилласан билээ.

Д.Лүндээжанцан 2020.11.11 Өнөөдөр сонин /220/