“Хэнтийн хийтэй бор залуу Увсын засаг даргад Ч.Чимэдийг зөвшөөрөх ёстой” гэжээ

“Хэнтийн хийтэй бор залуу Увсын засаг даргад Ч.Чимэдийг зөвшөөрөх ёстой” гэжээ

Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулиар МАН Нийслэлийн ИТХ-д үнэмлэхгүй ялалт байгуулж, ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотыг дахин удирдахаар болсон.  

АН ч чамлахааргүй амжилт үзүүлж, нэг дүүрэг, 9 аймагт ялалт байгуулсан. Тухайлбал,  Увс аймагт АН-19, МАН-17 суудал авсан бол таван бие даагч тус аймгийн ИТХ-д сонсогдсон. Улмаар аль ч нам ИТХ-д 21 суудал аваагүй тул хэн ирэх 4 жилд Увс аймгийг удирдах нь тодорхойгүй байсан юм. Гэтэл бие дааж сонгогдсон таван төлөөлөгчийн дөрвөн нь АН-тай нэгдэж, тэд 23 буюу олонхыг бий болгох шийдвэрт хүрсэн байдаг. Ингэснээр ирэх дөрвөн жилд АН Увсад засаглахаар болж байна.

-ХЭНТИЙ АЙМГИЙН ХИЙТЭЙ БОР ЗАЛУУ ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ-

Тодруулбал, тэд Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдыг сонгож, засаг даргад Ч.Чимэдийн нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилжээ. Гэтэл У.Хүрэлсүх Увс аймгийн засаг даргад Ч.Чимэдийг томилохоос татгалзсан байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайдад төрийн эрх мэдэл нэлээдгүй төвлөрсөн бөгөөд, тэрээр аймгийн засаг даргыг томилодог болсон юм.

Түүний энэхүү шийдвэрт Увс аймгийн зарим иргэд “Увсын ард түмэн бүх цаг үед хэнээр ч заалгахгүй сонголтоо хийж ирсэн! Өөрөөс нь илүү мэдлэг боловсролтой гэхгүй юм бол Ч.Чимэд даргыг Хэнтийн аймгийн хийтэй бор залуу зөвшөөрөх л ёстой!

Өөрөөс нь илүү төсөв, тендэр хулгайлаагүйд хорсдоггүй юм бол Хүрлээ хүү хориг тээг болох ёсгүй!” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.  

Сонирхуулахад, Бие даан сонгогдсон таван төлөөлөгчийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн дэвшүүлсэн гэж буй. Учир нь Увс аймгийн орон нутгийн сонгуульд 10 гаруй хүнийг тэрээр санхүүжүүлж, бие даалган нэр дэвшүүлж байгаа гэж Увс аймгийн МАН-ын хорооноос үзэн, энэ тухай гомдлоо МАН-ын Удирдах зөвлөл, Хяналтын хороонд гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Увс аймгийн засаг даргаар Ч.Чимэдийг томилохоос татгалзсан У.Хүрэлсүхийн албан тоот