“Хүчит шонхор”, “Миркури” захын өв залгамжлагч Т.Мөнхсайхан сайд

“Хүчит шонхор”, “Миркури” захын өв залгамжлагч Т.Мөнхсайхан сайд

www.iSee.mn сайт У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарыг дэлгэрэнгүй танилцуулах цувралаа эхлүүлж байна. Бид энэ удаа Засгийн газрын хамгийн залуу, бийлэгжүү сайдыг танилцуулж байна. Тэр бол Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганаар сайд нарыгаа танилцуулах цаг хүртэл Т.Мөнхсайханы нэрийг нууцалж байв. Өөрөөр хэлбэл, чуулганаар сайд нарын нэрс орохоос өмнөх өдөр хүртэл ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарыг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлээд байв.

Ингээд чуулганаар сайд нарыг оруулах болоход Б.Цогтбаатар биш Т.Мөнхсайхан орж ирсэн юм.

-Т.МӨНХСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ-

Т.Мөнхсайханы хувьд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан. Анагаах ухааны магистр, докторант, клиникийн проффессор мэс засалч нэгэн юм. Үүнээс гадна түүний намтараас олны анхаарлыг татаж буй нэг асуудал нь хөрөнгө орлогын мэдүүлэг нь байдаг. Тэрбээр 2018 онд 7 тэрбум 950 сая төгрөг, 2019 онд 14 сая төгрөгийн орлоготой хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Мөн дөрвөн тэрбум 445 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, өвөлжөө, хаваржааны газартай, 245 сая төгрөгийн хадгаламжтай гэж 2019 оны мэдүүлэгтээ дурдсан байна.

2017 онд түүний хадгаламжинд 7 тэрбум төгрөг байсан бол, 2019 онд эрс багасаж 245 сая болсон байна. Мөн  “Хүчит шонхор” ХХК, “Тэнгэрийн Шонхор” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг. Түүнийг ойр, тойрныхон нь “Хүчит шонхор”, “Миркури” захын эзний хүүхэд өв залгамжлагч ярьдаг.  

Баян айлд ус ч авч үзэлгүй, эрх танхи өссөн тэрээр Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн анхаарлыг татаж, дэмжлэгийг авсан гэдэг. Учир нь Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайд байх үед тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар томилогдсон юм. 

-Т.МӨНХСАЙХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ, УЛС ТӨРД
БАЛЧИРДАЖ БАЙНА УУ-

Т.Мөнхсайхан сайдын хувьд томилогдсоноосоо хойш хэд, хэдэн удаа олны хэл ам, шүүмжлэлд өртөөд авсан. Тодруулбал, сайд болсныхоо дараа яамны төлөвлөгөөт хуралдаа суухгүй, ажлаа мэдэхгүй байна гэж загнуулснаас гадна НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордиц, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын хүмүүстэй Дархан-Уул аймагт ажиллаж, тус аймгийн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ алаг таших эмч нарын дундуур улаан хивс дээгүүр алхсан нь олны шүүмжлэлд өртсөн юм. 

Мөн яамны шинэчлэл эхлүүлэх нэрээр албад, хэлтсийн нэр өөрчилсөн, “Монголд эмчлэх боломжгүй өвчнийг гадаадад өндөр үнээр биш эх орондоо эмчлэх боломжтой болсон” гэх мэт буруу ярьж шүүмжлэлд өртдөг гээд байнга л хэл ам татлаастай байх юм.

Мөн хавдартай хүүхдүүдтэй ээжүүд түүнтэй уулзаж учир байдлаа ярилцаж зөвлөлдөхөөр очиход зугатаасан оронд нь төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыгаа уулзуулахад нөгөөх нь эцэг, эхчүүдийг тавлан, доромжилж “Тавилан юм даа” гэж хэлсэн, олон өвчтэй хүүхдийг дорд үзсэн гэх мэтээр түүнтэй холбоотой асуудал утас шиг хөвөрнө.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн  газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд Т.Мөнхсайхан сайдыг хуулиа бүрэн уншиж ойлгоогүй байх юм. Т.Мөнхсайхан сайд ажилдаа гүн орсон бол хуулийн хэрэгжилтийг харж, туршлага цуглуулах ёстой байсан. Тэгсэн бол зөрчилдөөн үүсэхгүй байлаа хэмээн шүүмжилж байсан юм.

Ямартай ч Т.Мөнхсайхан сайд Эрүүл мэндийн салбарт, улс төрд ч балчирдаж байна.




Өнөөдөр бар өдөр

16 цагийн өмнө