Ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жил, Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль гээд олныг хамарсан үйл явдлууд олон байх нь. Харин энэ жил Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг угтсан гэж хэлж болох төрийн одон, медаль шагналын хурыг Х.Баттулга буулгаж байна.
Тухайлбал, өмнө нь “Алдарт эхийн одон”-г гардуулахдаа эхчүүдийн төлөөлөл болгож 20 орчим бүсгүйд Ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулдаг байсан бол, энэ жил тэрээр амралтын өдрүүдэд эхчүүдийг дүүргээр нь ангилж, төрийн ордонд нэвтрүүлэн, одонгийн "хур буулгасан".Мөн орон нутгийн сонгуулийн өмнөхөн тэрээр аймгуудаар тойрч мөн л шагналын хур буулгаж, өөрийн биеэр гардуулсан.
Харин сүүлийн өдрүүдэд үсчин, дуучин, хошин шогийн жүжигчдээс эхлээд төрийн одон медалиар шагнууллаа гэх мэдээлэл тасрахгүй байна.
Энэ бүх шагналын хурыг ирэх 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна. Учир нь Х.Баттулга сонгуулийн бэлтгэлдээ аль хэдийн ороод байгаа юм. Сонирхуулахад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн "30.2-д Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан ч тэрээр, хууль зөрчиж дахин өрсөлдөнө гэж буй бололтой.
-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ШАГНАЛЫН ТӨСӨВ 393 САЯ ТӨГРӨГӨӨС 1,8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ ӨСӨВ-
Тэгвэл, Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд “Төрийн шагнал, одон медаль”-ийн зардалд 393 сая гаруй төгрөгийн төсвийг УИХ-аар батлуулсан бол, 2019 онд мөн л "Төрийн шагнал, одон медаль”-ын зардалд 393 сая төгрөг /393,004,100/-ийг өгч байжээ.
Харин 2020 онд “Төрийн шагнал, одон медаль”-ийн зардалд өмнөх оныхоос хэд дахин их буюу 1,8 тэрбум гаруй төгрөг /1,893,004,100 / болгон өсгөсөн байна. Түүнчлэн 2021 оны Улсын төсөвт “Төрийн шагнал, одон медаль”-ийн зардалд 2 гаруй тэрбум төгрөг /2,065,677,580/-ийг суулгах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргажээ.
Төрийн шагнал, одон медалийн төсөв: /2018-2020 он/
- 2018 оны батлагдсан төсөв: 393,004,100 төгрөг
- 2019 оны батлагдсан төсөв: 393,004,100 төгрөг
- 2020 оны батлагдсан төсөв: 1,893,004,100 төгрөг
- 2021 онд батлуулахаар санал болгосон төсөв: 2,065,677,580 төгрөг