Алга болсон охиныг хайх явцад хоёр араг яс олджээ

Алга болсон охиныг хайх явцад хоёр араг яс олджээ

Ром хотод 1983 онд сураггүй болсон 15 настай Эмануэла Орланди охины хэргийн нууц одоог хүртэл тайлагдаагүй гэнэ.

Өнгөрсөн оны сүүлээр охины эцэг эх хэн нэгнээс буцах хаяггүй зурвас хүлээж авсан нь эрлийн ажиллагааг сэргээх шалтгаан болжээ. Зурваст Ватиканы хуучны оршуулгын газрын нэгэн бунхныг зааж өгсөн нь охины цогцос тэнд байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ.

Хэвлэлээр удтал шуугисны эцэст нууцлаг зурваст өгсөн мэдээллийн дагуу Ватиканы засаг захиргаа 19 дүгээр зууны Герман язгууртнуудын бунхныг нээсэн ч хоосон байжээ. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлж оршуулгын газрын шаланд суулгасан чулуун хавтан дороос хоёр хэсэг араг яс илэрсэн тухай Ватиканы эрх баригчид мэдээлсэн байна. Араг яснууд олдсон газрыг лацдаж, шинжээчдийг урьж ажиллуулахаар болжээ.

Оршуулгын газарт хамгийн сүүлд 1960-1970-аад оны үед барилгын засвар шинэчлэл хийжээ. Ватиканы ордны албан хаагчийн охин Орланди 1983 онд Ром хотод хөгжмийн хичээлд суухаар гэрээсээ явах замд сураггүй алга болсон юм. Түүнээс хойш энэ хэргийг Пап ламын амь насанд халдах хуйвалдаан, Ватиканы банктай холбоотой санхүүгийн дуулиан, Ромын гэмт хэргийн ертөнцийн зөрчил зэрэг олон асуудалтай холбосон сэжиг таамаг хэвлэлүүдээр бичигдсэн аж.

Өнгөрсөн онд Ром дахь Ватиканы элчин сайдын байрны шалан дороос хүний араг яс олдож байв. Уг олдворыг Орланди охины араг яс мөн гэсэн дуулиант мэдээлэл Италийн хэвлэлүүдээр цацагджээ. Гэвч араг яс нь охиныг алга болохоос өмнөх цаг үеийн хүнийх болохыг мэргэжилтнүүд шинжилж тогтоосон юм.