Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргах талаар хэлэлцлээ. Уг чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжлээ. Мөн Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ч чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасанд явдалд баяр хүргэж, КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын сайн туршлага болсныг онцлон тэмдэглэв.
ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер чуулганы дараа цахим хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр ФАТФ-ын хяналтаас буюу саарал жагсаалтаас гарсныг албан ёсоор мэдэгдэв.
ФАТФ 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчин муутай хэмээн дүгнэж, саарал жагсаалтад оруулан, нэн даруй хэрэгжүүлэх ёстой үүрэг даалгавруудыг өгсөн юм.
Түүнээс хойш Монгол Улсын Их Хурлаас холбогдох хуулиудыг баталж, өнгөрсөн хугацаанд гурван ч удаагийн шалгалтад орсон. Хамгийн сүүлд ФАТФ-ын ажлын хэсгийн газар дээрх шалгалт аравдугаар сарын эхээр Монголд ирж, өгсөн үүрэг даалгавруудын хэрэгжилт ямар шатанд явааг шалгасан юм.