Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаан болж Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн.
Тэгвэл яг одоо МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна. Хуралдааны завсраар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Удирдах зөвлөлийн хуралдаанаар дөрвөн аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг нэр дэвшүүлэх асуудлыг ярилцаж баталлаа. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад Ж.Батбаясгаланг, Хотын дарга УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг нэр дэвшүүллээ. Тухайн шатны намын дарга сонгуульд намаа удирдаж, ялалт байгуулсан бол хариуцлагаа хүлээж удирдах албанд томилдог. Энэ дагуу Д.Сумъяабазар гишүүнийг дэмжлээ.
УИХ-ын гишүүнээс татгалзаж Хотын дарга болох нь амаргүй хэцүү шийдвэр. Гэхдээ улс төрийн дадлага туршлагыг харж бид Д.Сумъяабазар гишүүнийг томилсон. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотыг хөгжүүлэх, иргэдийн төлөө ажил хийх хүнийг томилох шаардлага бий" гэлээ.