Энэ сарын 15-ны өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болж өндөрлөсөн. Сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам найман аймаг, нэг дүүрэгт ЯЛАЛТ байгуулсан. Ялалт байгуулсан аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж хурлын дарга болон Засаг даргаа томилно. Гэтэл энд нэг асуудал гарчээ. Тодруулбал, Ардчилсан нам ялсан аймгуудын Засаг даргын томилгоонд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох магадлалтай байна. Ардчилсан нам бус МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус аймгуудын Засаг даргыг томилох эсэхийг шийдвэрлэнэ гэсэн үг.
Учир нь яг энэ өдрүүдэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Тус хууль батлагдвал аймгийн Засаг даргыг заавал Ерөнхий сайдтай зөвшилцөж томилох юм. Тийм ч учраас МАН уг хуулийг батлахаар яаравчилж буй тухай мэдээлэл байна.
Энэ хуулийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Д.Тогтохсүрэн нарын гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд 6 бүлэг, 3 дэд бүлэг, 81 зүйлээс бүрдсэн.
Тухайн үед МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засаг даргыг төрийн төлөөлөгч гэдэг үүднээс Ерөнхий сайд томилдог болно” гэж мэдэгдэж байсан.
Орон нутгийн сонгуулийн өмнө тус хуулийг Ардчилсан намынхан болон зарим улс төрчид шүүмжилж нутгийн өөрөө удирдах ҮЙЛ АЖИЛЛАГААГ босоо удирдлагын системтэй болгох гэлээ. Орон нутагт эрх мэдлийг нь өгсөнгүй гэх шүүмжлэлийг гаргаж нэлээн хүчтэй давалгаалсан ч сонгуулийн дараа нам гүм болсон.
Ямартай ч Ардчилсан нам ялсан аймгуудын Засаг даргыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилох уг асуудлаар намуудын удирдлагууд хэрхэн ойлголцох, яаж хайчнаас гарах, шийдвэрлэх асуудал нь анхаарал татаж байна.