УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газрыг концесс байгуулсан талаар баримт хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Манай Ерөнхий сайд худлаа хэлээд байна. Та “2017 оноос хойш Засгийн газар ямар нэгэн концесс хийгээгүй” гэлээ. Таны Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр концессын гэрээ байгуулсан. Монгол Улсын Засгийн газар болон “Тал нутгийн хөгжлийн зам” компанийн хооронд байгуулсан Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ байгуулсан байна. Мөн Цагаан дэл, Ханги Мандал руу барьж байгаа. Нийт 955 км замыг 3.3 их наяд буюу Чингис бондтой тэмцэх хэмжээний их мөнгөөр барьж байгаа. Нэг км замыг 4 тэрбум 686 сая төгрөгөөр барьж байна. 4-5 дахин өндөр үнээр барьж байна, Засгийн газрын тэргүүн ээ. Энэ концессын гэрээ надад ирснээс хойш би Өмнөговь аймаг руу явж үзсэн. Тэнд хүнд даацын нэг км ч зам тавигдаагүй байсан. Гэтэл 400 тэрбум төгрөг гараад явчихсан байна. Манайх концессын гэрээ хийсэн Засгийн газрыг огцруулсан. Барих, ашиглах, шилжүүлэх гэрээтэй концесс. Гэхдээ ийм их мөнгөөр барьсан зам удахгүй дампуурна. Барьсан замаа 20 сая тонн нүүрсээр гэрээ байгуулаад зарах тухай ярьж байгаа. Тун удахгүй ил болно" гэлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Б.Пүрэвдорж гишүүн ээ та андуураад байна. Концесс дотроо хэд хэдэн янз байгаа. Нэгд, бариад дараа нь улсын төсвөөс мөнгөө авдаг. Үүнийг 2012-2017 оны хооронд хавтгай байгуулсан. Энэ нь барьчихаад улсад шууд зарж байна гэсэн үг. Аудитын дүгнэлтээс үзэхэд барьж байгаа өртгөөсөө 30-40 хувийн өндөр байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм төрлийн концесс хийхгүй гэж байгаа. Харин Концессын тухай хуульд байгаа бусад төрөл нь явж байгаа гэж байгаа юм. Бариад, ашиглах концесс гэдэг бол бариад, ажиллуулаад мөнгөө өөрөө олно. Энэ бол зах зээлийн систем дээр байдаг зүйлүүд. Улстөржиж болно. Гэхдээ улсын төсөв дээр дарамт болох зүйлүүдийг бид хиймээргүй байгаа юм. Таны хэлдэг бол улсаас эргээд нэг ч төгрөг авахгүй. Харин тодорхой хугацааны дараа улсад хүлээлгэж өгнө. Саяын таны ярьсан санхүүжилт бол өмнө нь концесс нь байгуулагдсан замууд" гэж хариулав.
ВИДЕО ҮЗЭХ: