Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН нийслэлд 34 суудал авч ялалт байгуулсан. Мөн 21 аймгийн 13, 9 дүүргийн 8, 330 сумын 185-т нь ялалт байгуулсан талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан мэдээллээ.
Мэдээлллийн эхэнд тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-д итгэл хүлээлгэн сонгосон иргэд, сонгогчиддоо намынхаа мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс талархаж байна. Энэ итгэл нь 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-д өгсөн итгэлээ бататгасан, ирэх дөрвөн жилд улс орон, аймаг, сум, дүүргйнхээ хөгжилд илүү хувь нэмэр оруулах бодлогыг дэмжиж хийсэн сонголт гэж МАН үзэж байна. Хүчээ нэгтэгж хийсэн ард иргэдийнхээ итгэлийг бүрэн зүтгэлээр хариулахын төлөө чармайн ажиллана” хэмээв.
Нөгөөтэйгүүр, сонгогчдын дэмжлэг авч чадаагүй 8 аймаг, 1 дүүрэг, 140 гаруй сумын иргэдийн итгэлийг олж авахын төлөө УИХ-д сонгогдсон төлөөлөөрөө дамжуулан орон нутгийн түвшинд явуулж байгаа улс төрийн байгууллагадаа шинэчлэл хийх болно хэмээн мэдэгдлээ.
Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ цаг үед сандал суудал ярих бус, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд эрх барих бүцтийг богино хугацаанд байгуулж ажилд нь шуурхай оруулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа тулсан ажлаа шуурхайлах үүднээс Засгийн газрын бүтцийг богино хугацаанд эмхлэн зохион байгуулсан. МАН-ын мөрийн хөтөлбөрийг бүх шатанд хэрэгжих ёстой гэсэн бодлого шийдвэрийг дэмжиж, ажил хийх нөхцөлөөр дэмжиж байгаад иргэддээ талархаж байна. Энэ их итгэлийг хариулж хэрэгжүүлэх, бүтээн байгуулах, шийдэх ёстой олон ажлаа шуурхайлах болно. Бүх шатандаа уялдаа холбоотой, хариуцлагатай ажиллах ёстой. Одоо өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэргээр иргэдийн итгэлийг хариулж тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдэхээс биш амжилтдаа бардаж цаг алдах шаардлага байхгүй” хэмээв.
Мөн тэрээр, Улаанбаатар хотыг эдийн засгийн хувьд бие даасан байдлаар хөгжүүлэх талаас хууль, эрх зүйн шинэчлэл хийнэ гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд Улаанбаатар хоттой холбоотой эрх зүйн байдлын тухай, мөн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д болосвруулж батлах хэрэгцээтэй байгааг дурдаад, УИХ, Засгийн газар, орон нутгийн түвшинд МАН-ын бодлого, шийдвэр жигд хүрэх бололцоотой болсныг хэллээ.