Япон улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэдэд виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор аравдугаар сарын 28-нд Токио руу нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Аравдугаар сард Сиэтл руу хийх нислэгийг эргэн харж, мэдэгдэнэ гэдгийг хэлж байсан. Тэгвэл АНУ-д байгаа ЭСЯ болон Нью Йорк хот дахь Байнгын төлөөлөгчийн газар, Сан-Франциско дахь Ерөнхий консулын газраас авсан мэдээллээр аравдугаар сарын 16-н буюу өнөөдрийн ирж байгаа нислэгт буцах хүсэлтэй иргэд нь хамрагдсан. Үлдсэн иргэдээс дахин нарийвчлан мэдээлэл авахад аравдугаар сард нутаг буцах боломжтойгоо мэдэгдсэн 46-хан иргэн байгаа учраас тэдгээр иргэдийг транзит нислэгээр дамжуулан татах боломжтой гэж үзээд Сиэтл рүү нислэг үйлдэхээ больж, аравдугаар сарын 28-нд Токио руу дахин нэг нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ.
Токио руу нислэг үйлдэх болсон шалтгаан нь аравдугаар сарын 1-нээс Япон улсаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас тус улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй буюу тус улсад хөдөлмөр эрхэлдэг иргэд болон оюутнуудад виз олгож эхэлсэнтэй холбоотой.
Аравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Токиогийн нислэгээр 250 гаруй Монгол иргэн Японыг зорьсон бол яг өнөөдрийн байдлаар Япон улс руу зорчих визээ аваад байгаа иргэдийн тоо 300-г давсан. Тиймээс аравдугаар сарын 28-нд үйлдэгдэх Улаанбаатар-Токио-Улаанбаатар нислэг нь тухайн иргэдийн хүргэж өгөх үндсэн зорилго тээж байгаа төдийгүй тус нислэгээр нутаг буцах хүсэлтэй цөөн тооны иргэдээ татах боломжтой” гэлээ.