2019 оноос 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл он хуучирсан гэх тодотголтой тээврийн хэрэгслийг нийслэл хотын нутаг дэвсгэрээс хулгайлсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан насанд хүрээгүй 4 этгээд дахин гэмт хэрэг үйлдэснийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн бусдын нийт 30 орчим тээврийн хэрэгсэлийг хулгайлсан насанд хүрээгүй этгээдүүд нь 12-15 насны хүүхдүүд юм байна. Гэсэн ч сургуульд сурдаггүй бөгөөд бусдын нөлөөнд автан он хуучирсан гэх тээврийн хэрэгслийг хулгайлдаг байсан аж.
Шалгалтын ажиллагаагаар тэдгээр хүүхдүүд дахин 10 орчим тээврийн хэрэгслийг хулгайлж, дөрвийг нь Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумдад тус тус орхижээ. Мөн энэ явдаа зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтсан байна.
Уг хэрэгт Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.