21 жилийн дараа уулзаж буй монгол аав, охины түүх Америкийн CBS сувгийн мэдээллийн сайт болох CBCnews-д нийтлэгджээ. Тэдний сэтгэл хөдөлгөм уулзалтын талаарх нийтлэл Канадын твиттер, фейсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд цацагдаж маш олон хүний хандалтыг аваад байна.
“21 жил уулзаагүй аав, охин хоёр Талархлын баяраар уулзаж байна” хэмээх гарчигтай тэрхүү нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэе.
Н.Басаа "Энэ удаагийн Талархлын баярыг насан туршдаа мартахгүй" хэмээн хэлэв. Учир нь энэ өдөр тэрээр 21 жил уулзаагүй охинтойгоо уулзсан юм. Найз нөхөд, хамт ажиллагсдынхаа дунд Билли гэгддэг Басаа хэмээх энэ монгол залуу 22 жилийн өмнө Зүүн Азид хямрал нүүрлэж, улс төрийн эргэлт гарах үед Монголоос гарч явжээ.
Тэр Монголд үлдсэн найз нөхдөөсөө холбоо тасарсан бөгөөд нэг зүйлийг мэдэлгүй өнгөрсөн нь түүний охин байлаа. Тэр охинтой болсноо мэдээгүй юм. Басаа энэ талаар 2014 онд мэдсэн бөгөөд тэр үед Канадад нэгэн бүсгүйтэй гэрлэж, өөр амьдрал зохиосон байжээ.
Түүний өмнөх найз бүсгүй нь онлайнаар холбогдож охиных нь талаар хэлсэн аж. Охиныг Индра гэдэг. Индра 2018 онд аавтайгаа уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд, Басаа цагаачлалын албатай ярилцан, охиноо ирүүлэх боломжийн талаар судалж эхэлжээ. Аав охин хоёрын мөрөөдөл өнгөрсөн сард биелж 21 настай Индра охин анх удаа аавтайгаа уулзсан юм.
Энэ сарын 12-ны өдөр Индра коронавирусээс сэргийлэх тусгаарлалтаасаа гарч аавтайгаа уулзан тэд анх удаа ширээний ард хамтдаа суулаа. Охинтойгоо уулзсаны дараа Басаа “Энэ явдал бидний хувьд хамгийн аз жаргалтай мөч байлаа. Үнэхээр итгэмээргүй, зүүд л санагдаж байна. Би юу мэдэрснээ ч тайлбарлаж чадахгүй байсан” гэжээ.
Индра төрснөөсөө хойш аавтайгаа уулзаагүй бөгөөд анхны уулзалтын үеэр ихээхэн сандарчээ. Тэр “Үнэхээр гэнэтийн үйл явдал болж байна. Надад үүнээс өөр хэлэх зүйл алга. Би үнэхээр сандарч байна” гэж байлаа.
Н.Басаа "LaFarge" хүнд даацын машины механикчаар, харин эхнэр нь шүдний эмчээр ажилладаг. Индра охинд одоо шинэ гэр бүлтэйгээ танилцаж гайхалтай дурсамжийг бүтээх л үлдлээ.
Эх сурвалж: CBC