Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг 2012, 2016 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймгаас парламентад сонгогдсон байсан нэгэн. Харин түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх дэвшүүлээгүй гэх нь бий.
Учир нь байнгын хорооны хуралдааны үеэр У.Хүрэлсүх түүнд болоод зарим хүмүүст хандаж хэлсэн үгэндээ “Зарим хүмүүс МАН-ын нэр дээрээс дэвших эрхгүй хүмүүс шүү. Нефтийн бизнес хийдэг нөхдүүд, нефтийн үйлдвэрийн төслийг битгий нураачих гээд байгаарай! Содбилэгээ. Нефтийн үнийг ихэсгэж байгаа хүмүүс та нар шүү. Насаараа та нар бензиний жижиглэнгийн наймаа хийсэн. Баяжсан хүмүүс шүү” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн өмнөхөн О.Содбилэг “Би дөрвөн жил завсарлах болсноо жилийн өмнө шийдэж, У.Хүрэлсүх даргад 2019 оны 9-р сард Эрдэнэт хотод ажил хэргээр очиход нь хэлсэн” гэх тайлбарыг хийсэн юм.
Харин тэрээр коронавирус цар тахлын хөл хорио эхлэхээс өмнө гадаад улс зорьсон ч, түүнийг энэ оны тавдугаар сарын нислэгээр Монгол ирсэн гэх мэдээлэл гарсан ч, зарим эх сурвалжууд түүнийг Монголд өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй гэж байна. Ямартай ч тэрээр МАН-ын өнөөдрийн үйл ажиллагаанд огт оролцохгүй байгаа ажээ. Сонирхуулахад, түүнийг оронд Орхон аймгийн засаг дарга асан Д.Батлут сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан билээ.