Нийслэлийн МАН-ыг татан буулгах тухай мэдээлэл орон нутгийн сонгуулийн өмнө эрх баригч нам дотор яригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн намын дарга Д.Сумъяабазар нарын дунд үүнээс үүдэлтэй зөрчил үүсч эцэстээ дээрх яриа нам дотор ил яригдахад хүргэсэн гэдэг. Тодруулбал, Д.Амарбаясгалан энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах бүх эрх мэдлийг Д.Сумъяабазараасаа салгаж аван ажиллачихаад дараа нь нийслэлийн намыг татан буулгахаар хөдөлсөн гэх мэдээлэл бий.
-СОНГУУЛИЙН ДАРАА ПРОЦЕСС ХЭРХЭН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ-
Харин Д.Сумъяабазарын хувьд нийслэлийн МАН-ыг чадварлаг удирдсан гэж дүгнэгддэг. Энэ нь 2020 оны сонгуульд МАН нийслэлд түүхэнд байгаагүй ялалт байгуулснаас нь харагдана. Тийм ч учраас амархан бууж өгөлгүй үзэлцсээр орон нутгийн сонгууль хүргэсэн. Мөн Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нар эв зүйгээ ололцон эхийг нь эцээж тугалыг нь тураалгүйгээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийг сонгож, тодруулсан. Үүнээс хойш удалгүй сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Харин одоо санал хураалт дуусч үр дүн гарах хүртэл МАН-ынхан дотроо зодолтолгүй, элдэв асуудал үүсгэлгүй эвтэй, найртай байгаагаа гаднаа харуулж буй.
Харин сонгуулийн дараа процесс хэрхэн үргэлжлэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж буй. Тэгвэл МАН орон нутгийн сонгуульд ялагдвал нийслэлийн намаа татан буулгана гэж ярьж буй тухай мэдээлэл байна. Ядаж л НИТХ-ын төлөөлөгчийн 60 гаруй хувийг бүрдүүлж чадахгүй бол уг асуудал сөхөгдөх бололтой.
Д.Амарбаясгалангийн хувьд Улаанбаатарт төв нам үйл ажиллагаа явуулж байхад нийслэлийн намын хороо гэх давхар статус хэрэггүй. Дүүргүүд дэхь салбар хороодыг төв нам дээр хариуцахад болно.
Нийслэлийн намын хороо нь фракц дотор фракц үүсгэж намын гишүүдийг хагалган бутаргаж байна гэх үндэслэл ярьсан гэдэг. Энэ нь нийслэлийн намыг татан буулгах нэрээр бүх статус, эрх мэдлийг төв нам буюу өөр дээрээ төвлөрүүлэх арга байж магадгүй юм.
-НИЙСЛЭЛИЙН НАМЫГ ТАТАН БУУЛГАХ АСУУДАЛ
ӨМНӨ НЬ ХӨНДӨГДӨЖ БАЙВ -
Ер нь нийслэлийн МАН-ыг татан буулгах санаачилга анх гарч буй нь энэ биш бөгөөд Д.Загджав Хан-Уулын Засаг даргаар ажиллаж байх үедээ М.Энхболд тэргүүтэй хотын фракцийг эсэргүүцэн энэ саналыг гаргаж байсан удаатай. Тухайн үед МАН-ын даргаар С.Баяр ажиллаж байсан юм. Сануулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар маргалдаж улмаар зодоон цохиондоо хүрсэн тухай мэдээлэл өнгөрсөн долдугаар сард зарим хэвлэл болон олон нийтийн сүлжээнд бичигдэж байв. Тухайн үед Д.Сумъяабазар уг мэдээллийг үгүйсгэсэн. Гэхдээ тэрбээр Ерөнхий сайдыг зодсон нь үнэн гэдгийг намынхан нь баталсан. Тэдний зодоон Нийслэлийн намыг татан буулгах Д.Амарбаясгалангийн ярианаас үүдэлтэй гэж эх сурвалжууд мэдээлж буй.
Б.ЦЭЦЭГ