Баянгол дүүрэгт Ж.Ганбаатарын ажилчид ИТХ-ын сонгуульд нэр дэвшжээ

Баянгол дүүрэгт Ж.Ганбаатарын ажилчид ИТХ-ын сонгуульд нэр дэвшжээ

Нийслэл, дүүргийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд арав хонож байна. Ирэх долоо хоногийн мягмар гаригт /2020.10.13/ сурталчилгаа дуусч, 15-ны өдөр санал хураана. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаа нь хар пи ар, гүтгэлэг харьцангуй бага том зургаар нь харвал нам гүм гэж дүгнэж болохоор байна.

-ХОМ: Ж.ГАНБААТАР "СЭЭКЛ" ХХК-67 ХУВЬ, "МОННИДАР" ХХК-ИЙН 70 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ-

Харин ганц л тойрогт ширүүхэн өрсөлдөөн болж буй нь Нийслэлийн Баянгол дүүрэг. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар тус сонгуульд ихээхэн ач холбогдол өгч идэвхтэй ажиллаж буй бол нөгөө талд С.Эрдэнэ олон жилийн ноёрхлоо алдахгүйн тулд ана, мана өрсөлдөж байна. 

Ганц жишээ дурдахад, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойрон хүрээлэгчдээ тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлж бүр өөрөө сонгуулийн сурталчилгааг нь хийж, мөрийн хөтөлбөр, танилцуулах материал зэргийг нь гудамжинд тараасан. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт Ж.Ганбаатарын “Оргил” группийн охин компанийн ажилчид буюу түүний улс төрийн багаас нэлээн олон хүн нэр дэвшсэн аж. 

Тухайлбал, НИТХ-ын сонгуульд тус дүүрэгт нэр дэвшиж буй Б.Сэмжидмаагийн хувьд Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга бөгөөд Ж.Ганбаатарын улс төрийн багийн гишүүн ажээ. Мөн Ж.Ганбаатарын “Оргил” группийн охин компани “Сээкл” ХХК-д ажилладаг байсан одоо УИХ-ын тамгын газарт ажиллаж буй Ш.Мөнгөнтуяа тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшжээ. Цаашлаад Ж.Ганбаатарын 70 хувийг эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн "Моннидир" ХХК-ын ажилтан Б.Батзориг, Д.Бат-Оргил нар тус дүүргийн ИТХ-д мөн нэр дэвшсэн байна.  

Дээрх хүмүүсээс гадна Баянгол дүүргийн ИТХ-ын хоёр төлөөлөгч дахин нэр дэвшиж буй нь мөн л Ж.Ганбаатартай холбоотой гэх мэдээлэл яригдаж байгаа аж. 

Баянгол дүүрэгт Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ олон жил засаглаж өөрийн багийг байршуулж чадсан. Ерөөс олон жилийн туршид тус дүүрэгт бэхжүүлж, тогтоосон С.Эрдэнийн хүч их, сүлжээ ч өргөн. Харин 2016 оноос хойш С.Эрдэнийн байгуулсан уг сүлжээг унагаахаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эрчимтэй ажиллаж буй. Тэрбээр эмнэлэг, боловсрол гэх мэт байгууллагад нь өөрийн хүмүүсийг томилж эхэлсэн. Үүнээс үүдэлтэй зөрчил одоо ч үргэлжилж байна. Ардчилсан нам олон жил Баянгол дүүрэгт ялалт байгуулж ирсэн уламжлалтай. Тиймээс  С.Ганбаатарт айдас ч бий, "шунал"ч бий. 




Өнөөдөр туулай өдөр

19 цагийн өмнө