Орон нутгийн сонгуульд гурван даргын хүүхэд нэр дэвшиж байна

Орон нутгийн сонгуульд гурван даргын хүүхэд нэр дэвшиж байна

Сүүлийн үед даргын хүүхэд заавал дарга болох албагүй гэж үг хэлц бий болсон.  Гэхдээ олон даргын хүүхдүүд дунд өөрсдийн хүч чадал, эсвэл бусдын болоод эцэг эхийнхээ нөлөөгөөр албан тушаалд, намд, сонгуульд өрсөлдөх нь бий.

Удахгүй болох орон нутгийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Батшугар, УИХ-ын дарга М.Энхболдын охин Хулан нар дүүрэг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байна. Тэгвэл эдгээр нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ.

ЭНХБОЛДЫН ХУЛАН

Хуульч мэргэжилтэй Энхболдын Хулан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй.  Монгол ардын намын лидерүүдийн нэг, намын дарга асан М.Энхболдын охин, хүү хоёр нь хоёулаа төрд,  төрийн албанд ажилладаг. Э.Хулан 2010- 2013 онд Лондон хот, Грийнвичийн их сургууль, 2013-2016 онд МУИС-ийн харьяа Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэжээ.

18 насандаа МАН-д элсч, намын батлахаа авсан Э.Хулан 2013 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 45-р үүрийн дарга болж, тухайн ондоо дүүргийнхээ НАМЗХ-ны даргын албан тушаалд томилогдож байжээ.

Чухам энэ цагаас тэрбээр Сонгинохайрхан дүүргийн МАН-д зүтгэж ирсэн. Улс төр хэмээх томоохон тогоонд чанагдаж эхэлсэн ч улстөрч болж амжаагүй  Э.Хулан 2016 оны орон нутгийн сонгуульд оролцох хүсэлт гаргасан. Энэ нь ч төвөггүйхэн бүтэж, нэр дэвших эрхээ өвөртлөв. Үүнд нам толгойлж явсан аавынх нөлөө  байсан гэж улс төрийн хүрээнд ярилцдаг. Ийн аав нь намын дарга байсан учраас Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулж, дөрвөн жил төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласан.  

ЭЛБЭГДОРЖИЙН ЭРДЭНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Эрдэнэ  НИТХ-ын зургадугаар тойрог, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын /ИТХ-ын/ 13 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж буй.  Элбэгдоржийн Эрдэнэ АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгсчээ.

Тэрбээр 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор үүрэг гүйцэтгэсэн юм.

2016 онд Их Британийн Оксфордын их сургуульд Улс төрийн бодлого, удирдлагын чиглэлээр сурч төгсчээ.  Оксфордын их сургуулийг дүүргэж ирээд Э.Эрдэнэ өнгөрсөн 2016 онд дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшин сонгогдож, дөрвөн жил дүүргийн төлөөлөгчөөр ажиллажээ. “Итгэл хавдаргүй Монгол” сан, Азийн Сангийн Хөгжлийн төлөөх манлайлал хөтөлбөрт шалгарч, Азийн шилдэг ирээдүйн манлайлагчдын нэг, “Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг”-ийн тэргүүн зэрэг сонгуульт ажилтай. Түүний улс төрд орсон алхмын талаар эрхэм Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Энэ бол цэвэр өөрийнх нь сонголт. Олон түмний төлөө явъя гэсэн сонголттой, зөв зорилготой байгаа бол залуусыг бид дэмжих нь зөв байх” хэмээн хэлж байжээ.

ЭНХБАЯРЫН БАТШУГАР

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Батшугар НИТХ-ын сонгуулийн 13-р тойрогт Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй. Түүний хувьд АНУ-д суралцан бүрэн дунд боловсрол эзэмшиж, АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэжээ. Сургуулиа төгсч ирээд хувийн хэвшилд ажиллаж байгаад МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

МАХН УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авч, засаг барилцахад Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар томилогдож байв. Чухам энэ цагаас түүнийг улс төрийн хүрээнд мэддэг болсон.

Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд мөн МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон билээ.