Х.Баттулгын араас У.Хүрэлсүх явж “баллуурдаж” байна уу

Х.Баттулгын араас У.Хүрэлсүх явж “баллуурдаж” байна уу

Ирэх 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулсан эрхэм “6 жилийн хугацаатай, нэг удаа” тус албан тушаалыг хаших юм. 

Иймд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ ёсоор дахин нэр дэвших нь эргэлзээтэй байгаа ч тэрээр сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон гэж хэлж болно. 

Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг иргэдэд танилцуулах ажлыг Х.Баттулга ерөнхийлөгчийн зүгээс сүүлийн үед зохион байгуулж байгаа. Мөн тэрээр орон нутагт ажиллахдаа алдарт эхийн I, II зэргийн одонгийн шаардлага хангасан бараг бүх ээжүүдэд өөрийн биеэр гардуулж буй. 

Харин тэрээр өнгөрсөн Есдүгээр сард баруун аймгуудаар явж, иргэдтэй уулзаад ирсэн. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд тус аймгуудад ажиллаж байна. Тэд орон нутагт ийнхүү ар, араасаа ажиллаж байгааг зарим иргэд ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна. Учир нь АН-аас Х.Баттулга, МАН-аас У.Хүрэлсүх нар ирэх сонгуульд өрсөлдөж магадгүй гэлцэж байгаа юм. Иймд тэд өрсөлдөгчийн хувиар нэгнийхээ явсан газраар явж иргэдтэй уулзаж, баллуурдаж байна гэх эх сурвалжууд ч байна.