Ж.Батбаясгалан хална гэсэн 30 даргаа АЖЛААС нь чөлөөлсөн үү

Ж.Батбаясгалан хална гэсэн 30 даргаа АЖЛААС нь чөлөөлсөн үү

Нийслэлийн удирдлагын шуурхай хуралдаан энэ сарын 5-ны өдөр болж нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Уг хуралд оролцох ёстой ихэнх албаныхан ирээгүй тасалсан учир Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан уурлаж эдгээр хүмүүсийг ажлаас нь халж, арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. 

Тодруулбал, тус хуралд Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн удирдлагууд сонгуулийн сурталчилгаатай учир хуралд суугаагүй юм.

Дээр нь хуралд оролцох ёстой Мал эмнэлгийн газрын дарга, Авто замын газрын дарга, Аялал жуулчлалын газрын дарга, Боловсролын газрын дарга, Газрын албаны дарга, Орон сууцны дэд бүтцийн газрын дарга, Дотоод аудитын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийгмийн халамжийн газрын дарга, Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга, Статистикийн газрын дарга, Соёл урлагийн газрын дарга нар байсангүй. Мөн Татварын газрын дарга, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга ирээгүй. 

Түүнчлэн Худалдан авах ажиллагааны газрын дарга, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, Геодизи, усны байгууламжийн газрын дарга, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга, Зорчигч тээвэр III дарга, Хот төлөвлөлт судалгааны институтийн дарга, НОСК-ийн дарга, Орон сууц, нийтийн аж ахуйн газрын дарга, Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвийн дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, Хот тохижилтын газрын дарга, Хөрөнгө оруулалтын газрын дарга, Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн паркын дарга, Хөрөнгө оруулалт менежментийн газрын дарга, Нийтийн тээврийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн дарга, Олон улсын худалдаа, логистикийн төвийн дарга, Хөгжлийн корпорацийн дарга, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн дарга, Дулааны шугам сүлжээний газрын дарга нар байсангүй.

Эдгээрийг нэг бүрчлэн хэлээд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Яг одоо энэ хүмүүсийг бүгдийг нь чөлөөлнө. Тэгээд шүүхдээд явдаг юм байгаа биз. Арчаагүй, бүгдээрээ сонгуульдаад алга болдог, ард түмнийхээ төлөө биш ийм удирдлагуудаар ер нь ямар юмаа хийнэ ээ, нөхдөө. Би энд өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг ярих гээд сууж байна. Би ч гэсэн сонгуульд дэвшиж байгаа. Тойрогтоо ганцхан удаа амралтын өдрөөр очсон. Гэтэл өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчид сонгууль гээд зарлагдсан Нийслэлийн удирдлагын шуурхайд суухгүй байна. Ард түмнээсээ ичээч, яаж татварын хөрөнгөөр цалин аваад ингэж ажиллаж чаддаг байна аа. Төр түшмэлээр дутдаггүй юм шүү. Надаас өөр хүн чадахгүй гэж бодож байгаа бол андуурал шүү” гэсэн юм.

Тэгвэл Ж.Батбаясгалан эдгээр дарга нараа чөлөөлсөн үү. Тэгвэл одоогийн байдлаар уг арга хэмжээ авагдаагүй талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

ВИДЕО: