Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа 30 мянган толгой хонь тус улсад хандивлах батламжийг төрийн тэргүүн Ши Жиньпинд гардуулан өгсөн. Тэгвэл хандивын эхний ээлжийн 16 мянган толгой хонийг Зам-Үүдэд 45 хоног тусгаарласан бөгөөд энэ хугацаа удахгүй дуусах юм байна.
Тусгаарлалтын 45 хоногийн хугацаанд хонь нэг бүрийг эрүүл ахуйн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийж байгаа аж. Харин БНХАУ-ын хилээр гаргаад дахин тусгаарлах эсэхийг хоёр талын ажлын хэсэг шийдэх юм байна. Дараагийн ээлжийн 14,000 хонийг голчлон зүүн гурван аймгаас бүрдүүлэх ажил үргэлжилж байна. Төлөвлөгөөний дагуу өнөөдөр 30 мянган хонийг бүгдийг өгч дуусах ёстой юм.