ЗГ-ыг тогтвортой байлгахад МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн бол Л.Оюун-Эрдэнэ ‘Оюу толгой’-н асуудлаар дахин улс төр хийж магадгүй байна

ЗГ-ыг тогтвортой байлгахад МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн бол Л.Оюун-Эрдэнэ ‘Оюу толгой’-н асуудлаар дахин улс төр хийж магадгүй байна

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр буюу наймдугаар сарын 25-нд Их тэнгэрт ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна.

Хурлын дараа УИХ-ын дарга С.Бямбацогт “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулна. Одоогоор есдүгээр сарын 1-ний өдөр хуралдуулах бодолтой байна. Ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх байр суурьтай байна. Миний хувьд ээлжит бус чуулган хуралдуулах саналтай байгаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.

ВИДЕО:

Ингэснээр ээлжит бус чуулганыг есдүгээр сарын эхээр хуралдуулах зураглал тодорхой болж байна. 2026 оны төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж батлах шаардлага үүссэн нь үүний гол шалтгаан. Учир нь 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх ажил мөн хүлээж байна. Төсвийн асуудал ийнхүү УИХ-ын анхаарлын төвд орж буй ч энэ удаагийн МАН-ын бүлгийн хурал зөвхөн төсвөөр хязгаарлагдахгүй. Харин ч улс төрийн хувьд илүү анхаарал татсан нэг асуудал нь Н.Учралын Засгийн газрын хувь заяа. Учир нь АН-ын зүгээс Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж, гарын үсгийн тоо 41-д хүрсэн. Үүний зэрэгцээ Нийслэлийн МАН-ын хорооны асуудлаарх нам доторх зөрчил ч үргэлжилж байна. Тиймээс МАН-ын бүлгийн 68 гишүүнээс хэн нь хуралдаанд оролцсон, Засгийн газрыг дэмжих эсэх дээр ямар байр суурь илэрхийлсэн нь өөрөө улс төрийн анхаарал татах сэдэв.

"МАН-ЫН БҮЛГИЙН 68 ГИШҮҮНЭЭС 46 НЬ ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНД ОРОЛЦЖЭЭ"

Тэгвэл өчигдрийн хуралдаанд МАН-ын бүлгийн 68 гишүүнээс 46 нь оролцжээ. Харин Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт, Шадар сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Шадар сайд Т.Доржханд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зэрэг бүлгийн 10 орчим гишүүн COP17 бага хуралд оролцож байсан байна.  Өөрөөр хэлбэл, өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанд 56 орчим гишүүн оролцох төлөвтэй байсан гэсэн үг.

"ЗАСГИЙН ГАЗРЫГ ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХЫГ ДЭМЖСЭН ГАРЫН ҮСГИЙГ ГИШҮҮДЭЭС ЦУГЛУУЛЖЭЭ"

Хурлаар яригдсан хамгийн анхаарал татсан зүйл нь МАН-ын олонх Н.Учралын Засгийн газрыг тогтвортой ажиллуулах байр суурь дээр нэгдсэн явдал байв. Улмаар Засгийн газрыг тогтвортой байлгахыг дэмжсэн гарын үсгийг гишүүдээс цуглуулж, олонх нь дэмжсэн байна. Гэхдээ үүнийг Засгийн газрын хувь заяа бүрэн шийдэгдсэн гэж ойлгоход эрт. Харин одоогийн нөхцөлд МАН-ын олонх Засгийн газраа хамгаалах сонирхолтой байна гэж харж болохоор байна.

"П.САЙНЗОРИГ НАРЫН 50 ГАРУЙ ГИШҮҮН Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАЖ БАЙВ"

Энэ нь МАН-ын хувьд өмнөх Засгийн газрын түүхийг дахин давтахгүй байх гэсэн оролдлого байж болох юм. Өнгөрсөн жилийн үйл явдлыг эргэн санавал үүнийг ойлгоход илүү тодорхой болно. Тодруулбал, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудал өнгөрсөн оны аравдугаар сард МАН-ын тодорхой гишүүдийн зүгээс хүчтэй яригдаж эхэлсэн. П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын зэрэг 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байв. Тухайн үеийн зөрчлийн гол шалтгаан нь улс орон, эдийн засгийн нөхцөлөөс илүүтэй Б.Энхбаярыг бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон асуудалтай холбоотой байлаа.

Б.Энхбаяр бол Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай холбоотой асуудлуудыг удаа дараа хөндөж, олон нийтэд мэдээлж байсан. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой хилийн орчим газар олголт болон “Гэрэгэ тауэр”-ын асуудал болон Бортээгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах давуу эрхийг Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “Админерал” компанид олгосон гэх асуудлыг шалгах шаардлагыг тавьж байсан юм. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар, Б.Энхбаяр нарын байр суурь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын улс төрийн сонирхолтой зөрчилдөж байсан гэж харж болно.

Үүний дараа АН-ын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг огцруулах хүртэл чуулганы хуралдаанд суухгүй гэсэн шаардлага тавьж, улс төрийн бойкот эхлүүлсэн. Ингэснээр МАН-ын доторх зөрчил дээр АН-ын шахалт нэмэгдэж, Засгийн газрын тогтвортой байдал улам суларсан. Эцэст нь Г.Занданшатар өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн юм. Тухайн үед тэрбээр улс эрх мэдлийн шунал, намын хуваагдал төрийн хямрал, дэлхийн шившиг болж байна хэмээн мэдэгдээд Ерөнхий сайдын суудлаасаа буусан.

"Н.УЧРАЛ ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛСАН"

Харин өнөөдөр нөхцөл байдал өөр байна. АН-ын зүгээс 41 гарын үсэг цугларсан ч Засгийн газрыг огцруулахад шаардлагатай 64 саналд одоогоор хүрэхгүй байна. МАН-ын цөөнхийн гишүүд, ИЗНН-ын зарим гишүүн нэмэгдсэн ч энэ тоо хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ын 41 гарын үсэг одоохондоо Засгийн газрыг огцруулах бодит тоо биш. Магадгүй МАН-д ирэх улс төрийн дарамт л болж буй. 

Тэгвэл энэ дарамтыг бодит хүч болгохын тулд Л.Оюун-Эрдэнэ талын дараагийн алхам юу байх вэ гэх асуулт мөн урган гарна. Харин Оюу толгойн асуудал улс төрийн томоохон сэдэв болж гарч магадгүй байна. Учир нь Г.Занданшатарын Засгийн газраас эхэлсэн Оюу толгой төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, энэ онд багтаан ногдол ашиг авах шаардлага Н.Учралын Засгийн газрын үед бодит ажил болж эхэлсэн. Энэ оноос эхлэн ногдол ашиг авахаар ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн сард Оюу толгойн төслөөс иргэддээ ногдол ашиг хүртээх ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахалж буй.

Эндээс улс төрийн сонирхолтой нөхцөл үүсэж байна. Оюу толгой Засгийн газарт давуу тал ч болж болно. Эсрэгээрээ Засгийн газрын эсрэг улс төрийн хүчтэй зэвсэг ч болж болно. Хэрэв Н.Учралын Засгийн газар Оюу толгойгоос иргэдэд ногдол ашиг хүртээх, Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудал дээр бодит үр дүн гаргаж чадвал энэ нь Засгийн газрын хувьд улс төрийн том давуу тал болно. Харин амласан үр дүн гарахгүй, ногдол ашгийн асуудал сунжирч, Монголын хүртэх өгөөжтэй холбоотой маргаан дахин хүчтэй өрнөвөл Засгийн газрыг шахах маш хүчтэй сэдэв болж чадна. Учир нь нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ нарын Б.Батнайрамдал, ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Солонгоо нарын Оюу толгойн асуудлаарх байр суурь, тэмцэл идэвхжсээр байна. Мөн нэр бүхий иргэдийн жагсаал цуглаан үргэлжилж буй.

Уул уурхай гэдэг Монголын улс төрд хэзээд эмзэг сэдэв байсаар ирсэн. Ялангуяа эдийн засгийн нөхцөл хүндэрч, инфляц өсөж, иргэдийн амьжиргаанд дарамт нэмэгдэж байгаа үед “Монголын баялгаас иргэдэд хэдий хэмжээний өгөөж очиж байна вэ” гэсэн асуулт олон нийтийн бухимдлыг хурцатгах чадвартай. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Оюу толгой тойрсон асуудлыг энэ намрын улс төрийн гол сэдвүүдийн нэг болгож магадгүй. Гэхдээ одоогоор МАН-ын олонх Н.Учралын Засгийн газраа тогтвортой байлгах байр суурь илэрхийлж байна. Гол асуулт нь энэ байр суурь хэр удаан үргэлжлэх вэ гэдэгт байна.




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө