ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД: Хоёр настнуудыг харах боломжгүй

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД: Хоёр настнуудыг харах боломжгүй

УИХ дахь эмэгтэй гишүүд төсвийн тодотголд Хүүхэд харах үйлчилгээний зардалд зориулсан хоёр тэрбум төгрөгийг суулгуулсан хэмээн мэдэгдсэн. Ингэснээр хоёр настнуудыг Хүүхэд харах үйлчилгээний төвд үнэ төлбөргүй харах боломжтой боллоо гэж байсан билээ. 

Гэтэл бодит байдал дээр Хүүхэд харах үйлчилгээний төвүүд үнэ төлбөргүй ажиллах боломжгүй мөн хоёр настнуудыг харах зөвшөөрөл, шийдвэр ирээгүй байгаа хэмээн мэдэгдлээ. 

Тухайлбал,  "Болор-Эрдэнэ" Хүүхэд харах үйлчилгээний төвийн үүсгэн байгуулагч О.Оюун-Өлзий энэ талаар "Хоёр настнуудыг харж болно гэсэн албан ёсны шийдвэр бидэнд ирээгүй байна. Хоёр настнуудыг бүртгэж болохгүй, эцэг, эхчүүдийн хараа хяналтад байлгана гэсэн Улсын онцгой комиссын шийдвэр л хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа" гэжээ. 

Харин эцэг, эхчүүдийн хувьд гэрийн ойролцоох хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд хандан, үнэ төлбөргүй хүүхдээ харуулах шаардлагыг тавьж байгаа аж. Үүнээс үүдэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид болон эцэг, эхчүүдийн дунд маргаан дэгдээд байгаа талаар МХХҮЭХ-ноос мэдэгдсэн байна. 

Одоогийн байдлаар хоёр настнуудыг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах талаарх Боловсролын яамны албан ёсны шийдвэр, зохион байгуулалтын мэдээлэл тодорхой гаргаагүй байгаа юм.