Өнөөдөр БНСУ-ын Сөүл хотруу манай улсын тусгай үүргийн ээлжит нислэг хөөрлөө. Гэвч тэд эргэн ирэхдээ хүний нутагт олон сарыг шүд зуун тэсэж өнгөрөөн, хайртай хүмүүс, эх оронлуугаа очих гэж, хүсэж, тэмүүлсэн өөрийн улсын иргэдээ биш гадны улсын иргэдийг авчирах юм. Хэд хоногийн өмнөөс “Гадаадад гацсан иргэдийн нэгдсэн цахим хуудсанд” тусгай үүргийн нислэгээр дан гадаад иргэдийг авчирах тухай мэдээлэл цацагдсан ч төдийлэн баталгаажаагүй байв. Тус мэдээний дор “үгүй байлгүй дээ, бид олон сар нэрсээ өгөөд хүлээж байна. Одоо биднийг авах байх” гэсэн утгатай сэтгэгдлүүд хөвөрч байсан ч тэдний итгэл найдвар өнөөдөр талаар боллоо.
-ӨНӨӨДӨР СӨҮЛ ХОТ РУУ ТУСГАЙ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ 100 ГАРУЙ ГАДААД ИРГЭДИЙГ АВЧИРНА-
Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр гадаад иргэд огт ирээгүй гэвэл худлаа. Нислэг болгоноор хэд хэдэн гадаад иргэд ирж, тусгаарлагдалгүй өөр машинд сууж явсан тухай мэдээлэл, бичлэг ч цацагдаж байв. Харин энэ удаад 16 улсын 100 гадаад иргэнд зориулсан тусгай нислэг хөөрч байна.
Өчигдөр Улсын онцгой комиссын албан ёсны цахим хуудсаар энэ тухай мэдээлэл тарж, олон иргэнийг бухимдуулав. Тодруулбал, Улсын онцгой комисст манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөр, их дээд, дунд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилладаг гадаад иргэд болон Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийг Монгол Улсад ирүүлэх хүсэлтийг тогтмол ирүүлсээр байгаа юм.
-МАНАЙ УЛСЫН 12 МЯНГАН ИРГЭН ОДООГ ХҮРТЭЛ ЭХ ОРОНДОО ИРЖ ЧАДААГҮЙ ХЭВЭЭР БАЙНА-
Тиймээс эдгээр иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг харгалзан Улсын онцгой комиссын шийдвэрээр маргааш буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж, 16 улсын 100 иргэнийг авчрахаар боллоо.
Уг нислэгээр ирэх гадаадын иргэдийг олон улсын сүлжээний өндөр зэрэглэлийн “Рамада” зочид буудалд хоногийн 265000-280000 төгрөгөөр 21 хоног тусгаарлана. Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сард нийт 17 удаагийн захиалгат нислэгээр 4300 орчим монгол иргэнийг эх оронд нь авчирч байгаатай холбогдуулан монгол иргэдийг тусгаарлах байрны нөөц хүрэлцэхгүй байгаа тул энэ удаагийн нислэгээр монгол иргэдийг авчрах боломжгүй байсан болно гэж” Шуурхай штабаас мэдээлсэн юм.
-ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ БОЛ ТЭДНИЙ ХУВЬД ГЭРТЭЭ ХАРИХ ЦОРЫН ГАНЦ БОЛОМЖ-
Харин өөрийн иргэддээ хилээ хаасан хагас жилийн хувьд гадаадад гацсан олон монголчууд хүний нутагт амиа алдах нь алдаж, гудамжинд хонож өдөр хоногийг өнгөрүүлсээр. БНСУ-д цар тахлын хоёр дахь давлагаа эхлээд буй эдгээр өдрүүдэд хамгийн хүнд өдрүүдийг тэд даван туулж байгаа. Өчигдөр БНСУ-ын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан таван монгол иргэн халдвар авсан тухай мэдээллийг тус улсад байрлах ЭСЯ-наас мэдээлсэн. Энэ хэцүү цаг үед хүний нутагт ажил хийж, амь зуух мөнгөө олох нь тэдний хувьд цорын ганц арга зам. Гэвч тэд хэр удаан тийм байдалтай тэсэх нь тодорхойгүй байсаар байна. Хагас жил харийн нутагт гацаж, эх орон, элгэн саднаа санагалзсан олон мянган монголчуудын хувьд тусгай үүргийн нэг нислэг ч гэсэн үнэ цэнэтэй зүйл. Учир нь тэр тэдний гэртээ харих цорын ганц арга зам билээ.