Талбайн усан оргилуур "сонгуулийн дараах эсэргүүцлийн жагсаал"-ыг тараах зорилготой баригдсан уу

Талбайн усан оргилуур "сонгуулийн дараах эсэргүүцлийн жагсаал"-ыг тараах зорилготой баригдсан уу

Эдийн засаг элгээрээ мөлхөж, ард иргэд ажилгүйдэлд нэрвэгдэж байхад эрх мэдэлтнүүд нэгэн “эсэргүү” шийдвэр гаргасан нь “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г хотын төв талбайд барих байв. Сонссон бүхэн итгэж ядан “Дэлхий нийтээр эдийн засгаа аврах гэж хөл дээрээ дэнчигнэн, зүтгэж байхад,  бүхэл бүтэн 3,2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэн барих цаг биш” хэмээн “хэлтэй” бүхэн дуугарч, “хөлтэй” бүхэн төв талбайд очин эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан цаг саяхан.

Гэтэл ард иргэдийг хүчтэй эсэргүүцсээр байхад Улаанбаатар хотын удирдлагууд “дөргүй бух шиг” зүтгэн усан оргилуур барих ажлыг эхлүүлсэн. Тэд хэлэхдээ “Дэлхийн жишигт нийцсэн дээд зэрэглэлийн усан оргилуур барина”. “Гадаадын аялал жуулчдын нүдийг хужирлах бүтээн байгуулалт, иргэдийн аялж, зугаалах орчин бий болгоно” хэмээн амлаж байсан. Гэвч энэхүү амлалт нь хөрсөн дээрээ буухдаа хүлээлтэд дөхөж ч очсонгүй, хүүхэд хөгшдийн элэг доог болов.

ХҮЛЭЭЛТЭЭС ДООГУУР ХӨШӨӨ ДУРСГАЛЫН ТООГ НЭГЭЭР НЭМСЭН УСАН ОРГИЛУУР

Эрх мэдэлтэй, эрхэм түшээдүүд 3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, тендер зарлалгүй Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэх шийдвэрийг гаргасан. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 

“Хорио цээр тогтоохоос өмнө  хаврын бүтээн байгуулалт гэж хийгдэхээр өнгөрсөн нэгдүгээр сард хөрөнгө санхүү нь зохих ёсны хүрээнд шийдэгдсэн асуудал. Хийсний дараа иргэд өөрсдөө үнэлэлт дүгнэлтээ өгнө байх” гэж байсан.

Хотын даргын хэлдгээр үнэхээр зураг төсөл шигээ усан оргилуур бүтээн байгуулсан бол хэн ч юу ч гэж шүүмжлэхгүй байх байлаа. Гэвч өмнөхөөсөө дордсон, өнгө муутай усан оргилуур төв талбайн төрхийг гутааж байна. Дэлхийн жишигт нийцүүлсэн усан оргилуур бүтээсэн гэж буй. Гэвч дэлхийн жишиг ингэтлээ дордчихсон юм уу.

УСАН ОРГИЛУУР УГТАА ЯМАР ЗОРИЛГО, ЗОРИУЛАЛТААР БАРИГДАВ

Дэлхийн хаанаас ч төв талбайдаа усан оргилуур барьчихаад ус зөөн, дүүргэдэг улсыг манайхаас өөр хайгаад олохгүй. Сонссон гаднынхны элэг хөшмөөр сонин мэдээ. Ус зөөн байж оргилдог усан оргилуур ямар хэрэгтэй юм гэж. Өнгөрсөн өвөл төв талбайд дөрвөлжин цагаан чулуу тойруулан тавьсныг та санаж байгаа байх. Хотын захиргаанаас үүнийг тайлбарлахдаа “Аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр боржин чулуунуудыг байршуулсан” гэж байсан.

Гэсэн ч тэргэнцэртэй иргэд багтах зайгүй чулууг иргэд ихээр шүүмжилж, эсэргүүцсэн тул нэн даруй өөр газар руу нүүлгэсэн.

Гэтэл усан оргилуур барих ажлыг иргэд түүнээс ч илүү хүчтэйгээр эсэргүүцэж байхад эрхэм түшээд яагаад зөрүүдлэв. Үүнийг учир мэдэх хүмүүс тайлбарлахдаа “Хямралын үеэр сонгуулийн өмнө гэнэтхэн л төв талбайд усан оргилуур барьсан нь 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдал болж мэдэх учир урьдчилан сэргийлэх зорилготой.

Эрх баригч нам эхнээсээ л сонгуулийн үр дүнг мэдчихсэн байсан. Эсэргүүцлийн жагсаал хаана болох нь ойлгомжтой. Сүхбаатарын талбайд. Иймээс уурлаж, хилэгнэсэн жагсагчдыг тараах хэрэгслээ эртнээс бэлдэж эхэлсэн нь энэ. Гадны орнуудад ч эсэргүүцлийн жагсаалыг тараахдаа ус ашигладаг.

Нулимс асгаруулагч, зэвсэг ашиглах нь гэмгүй иргэдийг хохироох, уурлаж, хорссон жагсагчдыг улам турхираах эрсдэлтэй. Иймээс хохирол, хор багатайгаар галын машинд ус хийгээд шүршдэг, түүнийг нь их хэмжээний усаар цэнэглэдэг. Иймд эрх баригчид үүнд бэлдэж ард түмэн тэгтлээ эсэргүүцсээр байхад усан оргилуур барьсан хэрэг” гэсэн юм.  

Гэнэтхэн л 3,2 тэрбумаар усан оргилуур барих шийдвэр гаргасан. Нэг мэдэхэд л хамаг модыг нь суга татаж, зөөвөрлөсөн. Удалгүй зөөврийн устай усан оргилуур баригдсан. Улсын нэг сургуулийг барихад хэдэн жил дамнан уддаг байж усан оргилуураа сонгуулиас өмнө гэсэн шиг л яаран сандран хийж гүйцэтгэсэн нь “Усан оргилуур сонгуулийн шоуны нэг хэсэг байв уу” гэсэн хардлагыг төрүүлж байна.